2024 оны УИХ-ын сонгуулиар улс төрийн намуудад өгсөн иргэдийн саналыг гээхгүй байх суурь зарчимд үндэслэн олонхыг бүрдүүлсэн Монгол Ардын нам Засгийн газрын бүрэлдэхүүнд Ардчилсан нам, ХҮН намыг урьж хамтарсан Засгийн газар байгуулсан билээ.
Хамтарсан Засгийн газар Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал, тулгарч буй сорилтыг илүү хурдан, үр дүнтэйгээр шийдвэрлэж, тогтвортой хамтран ажиллахыг зорьж байгаа бөгөөдбүрэлдэхүүнд орсон гурван нам хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар ажиллаж байна.
Гэрээний төсөл боловсруулах Ажлын хэсэгт Засгийн газрын гишүүд, салбарын судлаач, эрдэмтэд орсон бөгөөд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахлан ажиллаж байгаа юм.
Гэрээ нь олон улсын харилцаа, геополитикийн эгзэгтэй өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үндэсний эв нэгдлийг эрхэмлэн “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлж, Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудлыг цаг алдалгүй, хурдтай шийдвэрлэхийг зорилго болгоно.
Намууд сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан нийтлэг зорилтоос гадна Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрийн нийгмийн бодлогын шинэчлэл, бүсчилсэн хөгжлийн бодлого, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх цахим засаглал, эхлүүлсэн томоохон төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах зорилтууд, Ардчилсан намын мөрийн хөтөлбөрийн хүний хөгжил, хувийн өмчийн эрхийн хамгаалалт, технологи суурьтай мэдлэгийн эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах, шударга төрийн зорилтууд, ХҮН намын мөрийн хөтөлбөрт туссан эрчим хүчний салбарын шинэчлэл, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах болон боловсролын салбарын реформыг хамтарсан Засгийн газрын гэрээнд тусган хэрэгжүүлэхээр ажиллаж байна.