Нүүр хуудасМэдээ“Хариуцлагын гэрээ”-гээ биелүүлж байгаа эсэхэд хяналт тавив

“Хариуцлагын гэрээ”-гээ биелүүлж байгаа эсэхэд хяналт тавив

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын хамтарсан шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй баар, ресторан, кофе шоп, караоке, пабуудтай “Хариуцлагын гэрээ” байгуулж байгаа билээ. Тус гэрээг байгуулсан аж ахуй нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахиж байгааг шалгах, зөрчил илэрсэн байгууллагуудад сануулга өгөн, зөвлөн туслах чиглэлээр тус шалгалтын ажиллагааг явуулж буй. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг дэвсгэр буюу Хүүхдийн 100 орчмын аж ахуй нэгжүүдэд шалгалтын ажиллагаа явууллаа.

Хүүхдийн 100-д үйл ажиллагаа явуулдаг “Драгон ден” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Билгүүн “Гадаа талбайд хүмүүс олноороо бөөгнөрснийг манайхаар үйлчлүүлээд байна гэж ойлгоод байгаа болов уу. Манайх бол хүчин чадлынхаа 50 хувиар үйлчилгээ үзүүлж байна. Хариуцлагын гэрээгээ ухамсарлаад чанга дуу тавихгүй, зааланд бүжиглүүлэхгүй, караокед дуулуулахгүй байгаа” гэв.

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын ахлах байцаагч Т.Баярмагнай “Тус нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдээр шалгалт хийхэд дийлэнх нь хүчин чадлынхаа 50 хувиар үйл ажиллагаа явуулж байна. Цөөн хэдэн баар, ресторанууд хүний тоог хэтрүүлсэн зөрчил гаргасан. Үүн дээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран зөрчлийг арилгуулах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна” хэмээлээ.

Гурван байгууллагын 3200 гаруй алба хаагч “Хариуцлагын гэрээ” байгуулсан аж ахуй нэгжүүдэд шалгалтын ажиллагааг тогтмол хийж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН