Нүүр хуудасМэдээХББОСЯ: Тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой шат дамжлагыг бууруулж, бизнес эрхлэх боломжийг бүрдүүлэхээр...

ХББОСЯ: Тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой шат дамжлагыг бууруулж, бизнес эрхлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч С.Төмөрхүү, Барилгын материалын хэлтсийн дарга Д.Батзориг болон холбогдох албаны хүмүүс “Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн журам, суурь нөхцөл шаардлагад оруулж буй өөрчлөлт, шинэчлэлт” олон нийтийн хэлэлцүүлэгт оролцож мэдээлэл хүргэлээ.

Хоёр дахь өдрөө үргэлжилж буй тус хэлэлцүүлгээр Барилгын ерөнхий хуулийн /Шинэчилсэн найруулга/-ын төсөл, Барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад оруулж буй өөрчлөлт, шинэчлэлтийн талаар мэдээлэл хүргэж, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ-ын удирдлага, албан хаагчид болон төрийн бус байгууллагууд, иргэд, аж ахуйн нэгжийн төлөөллүүд оролцож санал солилцлоо.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэгч С.Төмөрхүү “Хот байгуулалт, барилгын чиглэлээр Барилгын тухай хуулийн 18, 19-р зүйл, Хот байгуулалтын тухай хуулийн тодорхой зүйл, заалтын дагуу тусгай зөвшөөрөл олгож байна. Өнөөдрийн байдлаар 128 нэр төрлийн тусгай зөвшөөрөл олгож байгаа. Эдгээрийг 6000 гаруй ААН олгодог. Манай салбарын нэг онцлог нь 2018 оноос эхлээд төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Монголын барилгын үндэсний ассоциаци, Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооноос барилгын материалын үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрөл олгодог болсон. Гэсэн ч Барилгын материалын болон барилга угсралт, барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг авахын тулд маш олон бичиг баримт бүрдүүлэх шаардлагатай тулгардаг. Бичиг баримтуудыг цахимаар илгээдэг ч тэдгээр цаасыг цаана нь боловсруулалт хийдэг цахим систем байдаггүй. Үүний цаана үнэлэлт, дүгнэлт өгөх анализ хийх үйл явц бүгд хүний гараар дамждаг.

Жишээлбэл, Монголын барилгын үндэсний ассоциаци ирсэн бичиг баримтыг хүлээж аваад 7 хоногийн дотор шийдвэрлээд манай яам руу бичгээр саналаа илгээдэг. Ирсний дараа манай яамны мэргэжилтнүүд хянаад дахин сайдын тушаал гаргаж гэрчилгээг буцаагаад хүргүүлдэг. Үүний дараа ААН тусгай зөвшөөрлийн гэрчилгээг гар дээрээ авдаг. Энэ дунд Барилгын хөгжлийн төв дээр салбарын инженер, техникийн ажилтнуудын цахим бүртгэлийн системээр бүртгүүлдэг.

Ингэснээр ойлгомжгүй төөрөгдөлд орох эрсдэл үүсгээд байна. Тиймээс салбарын ААН-үүд эдгээрийг илүү ойлгомжтой, тодорхой, хялбар болгох нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Ингэснээр гарааны компаниудын бизнес эрхлэх боломжийг бүрдүүлнэ. Манай яамнаас салбарын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой шат дамжлагыг бууруулж, бизнес эрхлэх боломжийг бүрдүүлж өгөх ажлын хэсэг гарган ажиллаж байна” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН