Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2025.11.28) хуралдаан 09 цаг 58 минутад гишүүдийн 51.9 хувийн ирцтэйгээр эхэлж, Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Тус хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг даргаллаа.
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Байнгын хороонд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналаа танилцуулсан юм. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасныг баримтлан Үндсэн хуулийн цэцийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөх тухай асуудлыг Хууль зүйн байнгын хороонд танилцуулж байна гэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно” гэж заасны дагуу Лувсандоржийн Өлзийсайханыг Улсын Их Хурлын 2023 оны арван нэгдүгээр сарын 16-ны өдрийн 96 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын санал болгосны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон юм. Хууль тогтоох төлөөллийн дээд байгууллага болох Улсын Их Хуралд дэгийн асуудлаар зөвлөх, Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах, хуульд заасан бусад ажлыг удирдан зохион байгуулж, хэрэгжүүлэх үүрэг бүхий Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилох Улсын Их Хурлын даргын саналыг хүлээн авсны үндсэн дээр тэрбээр 2025 оны арван нэгдүгээр сарын 27-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн байна.
Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Л.Өлзийсайханы хууль зүйн өндөр мэргэшил, төрийн албаны удирдах ажлын туршлагад үндэслэн түүнийг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд томилох нь зүйтэй гэж үзсэн. Тэрбээр 2019, 2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үед Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагын хувиар манлайлж, Монгол Улсад Үндсэн хуулийн эрх зүйн шинэтгэлийг эхлүүлж, хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу парламентын эрх зүйн орчны болон бусад шинэтгэлийг гүнзгийрүүлж, Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх, ард түмний засаглах эрхийг хангах чиглэлээр мэргэжлийн өндөр ур чадвар гарган ажиллаж ирсэн түүний мэдлэг, ур чадвар, туршлага нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх, үр нөлөөг сайжруулах асуудал чухлаар тавигдаж буй энэ цаг үед онцгой чухал ач холбогдолтой хэмээн үзэж байна” хэмээн танилцуулав.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 105 дугаар 105.1-д “Цэцийн гишүүн бүрэн эрхийн хугацаа дуусахаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ анх илгээсэн байгууллагаар уламжлан гаргасныг … Хууль зүйн байнгын хороо … 7 хоногийн дотор … хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд оруулна” гэж заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсэв.
Улсын Их Хурлын даргын дээрх саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, Д.Пүрэвдаваа, Ц.Сандаг-Очир нар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайхан болон Улсын Их Хурлын дарга Н.Учрал нараас асуулт асууж, хариулт авлаа. Үндсэн хуулийн цэцийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхад ийн чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буй буруу жишиг болох магадлалтай талаар байр сууриа илэрхийлж, хүсэлтийнх нь талаар тайлбар хүссэн гишүүдийн асуултад Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайхан хариулахдаа “Улсын Их Хурлаас надад өндөр итгэл, хариуцлага хүлээлгэн 2023 оны арван нэгдүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон. Хуульч, Үндсэн хуулийн эрх зүйн судлаачийн хувьд нэр төрийн томилгоо юм. Тухайн үед томилогдохдоо би хуульч мэргэжилдээ, Монгол Улсын Үндсэн хуульдаа үнэнч байна гэдгээ илэрхийлж байсан. Өнөөдөр ч энэ үзэл бодол, итгэл үнэмшил хэвээрээ. Өмнө нь би Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байсан. Монгол төрийн залгамж чанар, парламентын уураг тархи болсон Тамгын газрын үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийг дагаж мөрдөх, дээдлэн сахих зарчим үйлчилдэг. Тийм учраас Улсын Их Хурлын даргын саналыг хүндэтгэн хүлээж авсан” гэлээ.
Улсын Их Хурлын даргын энэхүү саналыг дэмжиж буйгаа, парламентаас бүх шийдвэр цаашдаа мэргэжлийн өндөр түвшинд хянагдаж гарахаар болж байгаад баяртай байгаагаа Д.Пүрэвдаваа гишүүн илэрхийлсэн. Монголын парламент Үндсэн хуулиа зөрчсөн хууль, шийдвэр баталж болохгүй гэдгийг Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэмдэглээд, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах”, Улсын Их Хурал дахин Үндсэн хууль зөрчихөөс хамгаалах, парламентын Үндсэн хуулийг дээдлэн сахих “манаанд” зогсох хариуцлагыг нь тооцож, шинэ хүн томилж хугацаа алдахгүйн тулд Үндсэн хуулийн цэцийн гишүүн Л.Өлзийсайханд санал тавьсан гэдгээ тайлбарлав. Мөн Улсын Их Хурлын үйл ажиллагаанд Үндсэн хуулийн зарчмыг чандлан сахих, аливаа зөрчил гаргахгүй, тэгш эрхийн зарчмыг ханган ажиллахад Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг, хариуцлага чухал гэдгийг онцолсон. Энэ үеэр Үндсэн хуулийн цэцийн нэр бүхий гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан байгааг Ц.Сандаг-Очир гишүүн сануулж байсан юм.
Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Үндсэн хуулийн цэцийн гишүүн Лувсандоржийн Өлзийсайханыг өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулсан. Санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын 14 гишүүний 85.7 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов





