Бүгд Найрамдах Турк Улсын хууль сахиулах байгууллагуудтай харилцан туршлага солилцож, хамтран ажиллах чиглэлээр тус улсын Дотоод хэргийн сайд Мустафа Чифтчи, Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Башак Гэнч Юксэл болон албаны бусад төлөөллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд хоёр орны дипломат харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт өргөжин хөгжиж, стратегийн түншлэлийн түвшинд хүрч, ардчилал, хүний эрх, энх тайван байдлыг хангахад чиглэсэн нийтлэг үнэт зүйлс, зорилго, хамтын ашиг сонирхолд тулгуурлан идэвхитэй хөгжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.
Сайд С.Амарсайхан Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газрын тэтгэлгээр Үндэсний Цагдаагийн газрын Цагдаагийн академи болон Жандармер академийн бакалавр, магистрын урт хугацааны хөтөлбөрт Монгол Улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас алба хаагчдыг амжилттай хамруулан, суралцуулсаар ирсэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлэв.
Уулзалтын үеэр Бүгд Найрамдах Турк Улсын Дотоод хэргийн яамны сайд Мустафа Чифтчи олон жилийн түүхэн харилцаатай Монгол улсад албан айлчлал хийж, хууль зүйн сайдтай биечлэн уулзаж байгаадаа баяртай байна. Хоёр улсын энэхүү түүхэн харилцаа нь өнөөгийн бидний харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал нөлөөл үзүүлж байна гэв. Мөн тэрээр хоёр улсын Хууль зүйн яамд хооронд байгуулсан гэрээ хэлэлцээр хамтын ажиллагааны санамж бичгүүд цөөнгүй байгаа ч тодорхой түвшинд ахиц гарган ажиллах шаардлагатай зүйлс байгааг мөн дурдав.
Уулзалтын төгсгөлд талууд сэтгэцэд нөлөөт бодис, хар тамхины хууль бус эргэлттэй тэмцэх, хяналт тавих, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллах асуудлаар санал солилцов.
Манай улс Бүгд Найрамдах Турк улсын дотоод хэргийн салбартай хамтарч ажиллах санамж бичгийг 2003 онд байгуулсан бөгөөд энэ хүрээнд сүүлийн 3 жилд цагдаа, дотоодын цэргээс 28 алба хаагч БНТУ-д суралцаад байна.





