Судалгааны сэдэв: Захиргааны хэм хэмжээний акт, дүрэм, журамд дүн шинжилгээ хийх
Нийт ажиллах судлаачдын тоо: Ахлах судлаач-6, судлаач-24
Гүйцэтгэх хугацаа: 2026.09.15 – 2026.12.15
Хамтран хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгч: Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг
ЕРӨНХИЙ ҮНДЭСЛЭЛ:
Хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, дүрэм, журам, заавар, аргачлалд дүн шинжилгээ хийж, хуулиар тогтоосон хязгаарлалтаас гадуур хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл бүрдүүлсэн, бизнесийн үйл ажиллагаанд хориг саад учруулсан, зөвшөөрлийн шинжтэй зохицуулалт агуулсан болон холбогдох хууль тогтоомж шинэчлэн батлагдсан, нэмэлт, өөрчлөлт орсон, эсхүл хүчингүй болсонтой холбогдуулан дагаж мөрдөхгүй болсон захиргааны хэм хэмжээний акт, дүрэм, журмыг хүчингүй болгож, хууль тогтоомжид нийцүүлнэ.
ЗОРИЛГО, ЧИГЛЭЛ:
Захиргааны хэм хэмжээний акт, дүрэм, журам, аргачлал, зааварт дүн шинжилгээ хийж, хүчингүй болгох, нэмэлт, өөрчлөлт оруулах замаар хууль тогтоомжид нийцүүлэх санал, дүгнэлт боловсруулах, дүрэм, журам, заавар, аргачлал, захиргааны хэм хэмжээний актаар зохицуулж байгаа харилцааг хуульд тусгаж, зохицуулах чиглэлээр хуулийн төсөл боловсруулна.
СУДАЛГААНЫ АЖЛЫН ХҮРЭЭНД ГҮЙЦЭТГЭХ АЖИЛ:
- Хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудаар захиргааны хэм хэмжээний акт батлах тусгайлан эрх олгосон заалтын судалгааг хийх;
- Захиргааны хэм хэмжээний акт, дүрэм, журам, улсын нэгдсэн санд бүртгэлтэй болон бүртгэлгүй нийтээр дагаж мөрдүүлж байгаа шийдвэрүүдэд дүн шинжилгээ хийж, хүчингүй болгох, өөрчлөх замаар хуульд нийцүүлэх санал, дүгнэлт гаргах;
- Дүрэм, журмаар зохицуулж байгаа харилцааг хуульд тусгаж, зохицуулах чиглэлээр хуулийн төсөл боловсруулах.
/Энэхүү судалгаа, дүн шинжилгээ хийх ажлыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдөр баталсан “Захиргааны хэм хэмжээний акт, дүрэм, журамд дүн шинжилгээ хийх, хуулийн төсөл боловсруулах үйл ажиллагаанд баримтлах удирдамж”-ийн дагуу хийж гүйцэтгэнэ./
СУДЛААЧИД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Ахлах судлаач – Эрх зүйч мэргэжилтэй, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт болон хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ хийж байсан, хуулийн төсөл боловсруулж байсан туршлагатай /бүтэн цагаар ажиллах боломжтой байх/.
- Судлаач – Эрх зүйч мэргэжилтэй /мэргэжлээрээ ажилласан, судалгааны ажил хийж байсан бол давуу тал болно, бүтэн цагаар ажиллах боломжтой байх/.
СУДАЛГААНЫ ҮР ДҮНД ЗАХИАЛАГЧИД ХҮЛЭЭЛГЭН ӨГӨХ БҮТЭЭГДЭХҮҮН:
Судалгаа, дүн шинжилгээний тайлан, санал, хуулийн төсөл боловсруулсан байна.
СУДАЛГААНЫ АЖЛЫН ЯВЦ БОЛОН ҮР ДҮНГ ХҮЛЭЭН АВАХ:
- Явцын тайланг 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох яамдад танилцуулна.
- Эцсийн үр дүн, судалгааны тайланг 2026 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авна.
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ:
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тавигдах шаардлагыг нотолсон баримт бичгийн хамт /хуулбар хувь/ Хууль зүй, дотоод хэргийн яамны байранд, эсхүл gantuya.e@mojha.gov.mn хаягаар 2026 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд ирүүлэх.
ХОЛБОО БАРИХ:
Судалгааны ажлын талаар болон холбогдох бусад мэдээллийг тус яамны 51-260081, 51-267526 утсаар холбогдож авна уу.
Баримт бичгийн шаардлага хангасан оролцогчтой ярилцлага хийх хуваарийг жич мэдэгдэнэ.
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ
ГЕРМАНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН
АЖИЛЛАГААНЫ НИЙГЭМЛЭГ





