Энэ удаагийн уулзалтад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд, бусад төлөөлөл болох 130 орчим байгууллага оролцож, санал хүсэлт, тулгамдсан асуудлуудаа хэлэлцэв.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны буюу 5-10 жилийн эрэлт, нийлүүлэлтийн таамаглалыг энэ онд багтаан гаргахаар гадаад, дотоодын зөвлөхүүдтэй хамтран ажиллаж байгаа талаар дурдсан.
Мөн “хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээг илүү үр дүнтэй, тооноос чанарт шилжсэн байдлаар хэрэгжүүлэх, орон нутгийн онцлогт тулгуурлсан төсөл, хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлэх зорилгоор Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 2024 оны төсвийн төслийг үр дүнд суурилсан төсөвлөлтийн аргаар боловсруулан, батлуулсан.
Цаашид Засгийн газрын болон зарим салбарын бодлого, үйл ажиллагаа, аймаг, орон нутгийн санал, санаачилгад тулгуурлан, хөтөлбөр арга хэмжээг уялдаа холбоотойгоор зохион байгуулах асуудлыг анхааран ажиллаж байна” гэлээ.
Энэ үеэр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, үйл ажиллагааны талаар болон хууль эрх зүйн шинэчлэлийн талаарх мэдээлэл, танилцуулгыг холбогдох албаны хүмүүс өгсөн.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль болон холбогдох журмуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тал дээр ТББ-ын оролцоо чухал тул хамтарсан ажлын хэсэг гаргах, хөдөлмөрийн зах зээлийн судалгааны үр дүнг танилцуулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бүх төрийн бус байгууллага оролцогч талуудын уялдаа холбоог хангах, оролцоог тодорхой болгох талаар зураглал гаргаж хамтран ажиллахаар боллоо.