Монгол Улсын Засгийн газрын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон Лхагвын Мөнхбаатар өнөөдөр (2025.06.18) тамгаа гардаж авлаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Оюунсайханы Алтангэрэл энэ үеэр яамны унаган боловсон хүчин, арвин туршлагатай улстөрч салбарыг удирдах болсонд баяртай байгаагаа илэрхийлээд цаашид УИХ-д өргөн мэдүүлсэн 18 хуулийн төсөл болоод дагалдах хуулийн төслүүд, “Эрх зүйн шинэтгэл-II” хөтөлбөр, Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр, алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн ажил, бодлогыг үргэлжлүүлж, харьяа агентлаг байгууллагуудынхаа үйл ажиллагааг улам өндөр түвшинд хүргэхийн төлөө амжилт гарган ажиллахыг хүсэн ерөөлөө.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатар “Монголын сайн хуульчдын нэг бөгөөд улс төрд томоохон байр сууриа эзэлсэн О.Алтангэрэл сайд хууль зүй, дотоод хэргийн салбарыг богино боловч үр бүтээлтэй удирдсанд баяртай байна. Монголын төрд нэр төртэй зүтгэж байгаа Таны ажилд амжилт хүсье…Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх болно. Салбарын хөгжлийн төлөө харьяа агентлаг байгууллагуудын удирдлага болон яамны албан хаагчдаа дэмжиж, хамтран ажиллана” хэмээн илэрхийллээ.

Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, дэд дарга Б.Солонгоо нар хүрэлцэн ирж байлцсаны зэрэгцээ ХЗДХЯ-ны албан хаагчид, удирдлагын бүрэлдэхүүн болон харьяа агентлаг байгууллагуудын дарга нар оролцов.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Л.Мөнхбаатарын товч намтар:
БОЛОВСРОЛ
1995 он Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 10 жилийн сургууль
1999 он МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд Эрх зүйч мэргэжлийн бакалавр
2008 он Отгонтэнгэр их сургуульд Хууль зүйн ухааны магистр
АЖЛЫН ТУРШЛАГА
1999-2000 он ХЗЯ-ны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтэн
2000-2006 он ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албанд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
2006-2008 он ХЗДХЯ-ны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга
2008-2009 он Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн дарга, Улсын ерөнхий байцаагч
2009-2011 он Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Улсын ерөнхий бүртгэгч
2012 он Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
2013 он Монгол Ардын Намын даргын зөвлөх
2014-2016 он “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн
2016-2020 он Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020-2024 он Монгол Улсын Их Хурлын гишүүн
2022-2023 он УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга
2023-2024 он Монгол Улсын Их Хурлын дэд дарга
2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2024 оноос УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга