XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн Сар шинийн баярын өмнөхөн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багаас “Улсын аварга малчин”‘-аар тодорсон Гэндэнтүдэвийн Отгонбаяр, гэргий Моломын Наранцэцэг нарт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Б.Нямжав малчны хотонд нь очиж шагналыг гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.
Гэндэнтүдэвийн Отгонбаяр 1972 онд Баян сумын Монгол Польш найрамдал Цацралт нэгдэлд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн илгээлт аван гарч аав Гэндэнтүдэвийг дагаж 15 настайгаасаа эхлэн мал маллаж эхэлсэн түүхтэй.
Баян сумын Цацралт нэгдлийн 2-р бригадад Адуучин явсан тэрээр 53 жил мал аж ахуйн салбарт хөдөлмөрлөж байна. Мал сүргийнхээ үүлдэр угсааг нь сайжруулж хонин сүргээ нутгийн омог “Баянцагаан хэвшил” илүү нугламтай хээлтүүлэгч, ямаан сүргээ “Баяндэлгэр” үүлдрийн улаан ухнаар, адуугаа шинэ цагийн Монгол адуу, Галшар үүлдрийн азарга хээлтүүлэгчээр сайжруулан өсгөж, малын угсаа, чанарт үргэлж анхаарч иржээ.
Түүнчлэн Баян нутгийнхаа малд нүдтэй, малчин соёлыг уламжилж, өвлөн амьдрах эрмэлзэлтэй 15 өрхийг 998 толгой малаар сүүлийн 3 жилийн хугацаанд малжуулсан байна.
Гэргий Моломын Наранцэцэг нь малынхаа сүү, саалиар цагаан идээ бэлтгэх уламжлалт соёлыг үр хойчдоо өвлүүлэн сургаж, үр хүүхдүүд нь ч эцэг эхийнхээ малч удмыг залган амьдарч байна. Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж 2018 онд “Манлай малчин эмэгтэй”-ээр алдаршуулан шагнаж байжээ.
Г.Отгонбаярынх 2025 онд мал сүргээ таван төрөлд өсгөж 1999 толгой мал тоолуулсан амжилттай. Мал сүргээ жил бүр үр төлөөр нь өсгөж, хээлтэгчийн сүрэгт эзлэх хувь бод 35%, бог 53%-тай байна.
Зун, намартаа отор нүүдлийг сайн хийж малынхаа ашиг шимийг дээшлүүлж, малдаа тарга хүч авахуулдаг туршлагатай. Тэрбээр сүүлийн гурван жил дараалан Дорноговь аймгийн Иххэт сумын Хэтийн булаг гэдэг газар отроор тарган тавтай өвөлжиж байна.
Шинэхэн “Улсын аварга малчин” Г.Отгонбаяр 1987 онд Баян сумын Энхсүрэгтэн, 2017 онд Мянгат малчин, 2016 онд Төв аймгийн Сайн малчнаар тус тус шалгарч байсан. Бага залуу насандаа нэгдлийн адуучин явсан тэрээр моринд нүдтэй, наадамд одтой учир 2000 онд Сумын алдарт уяач, 2004 онд Аймгийн алдарт уяач цолонд хүрсэн байна.
Баян нутгийнхаа хөдөлмөрч олныхоо дундаас тодрон, нутаг ус, эцэг эхийнхээ нэрийг өндөрт өргөж 3 үе дамжин нүүдэлчин соёлыг өвлөн яваа “Монгол Улсьн Аварга малчин” таны гэр бүлд эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе





