Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн, УИХ-ын гишүүн Ц.Идэрбатын хамт Хэнтий аймгийн Хүнс хөдөө, аж ахуйн газарт ажиллалаа. Уулзалтаар аймгийн Хүнс хөдөө, аж ахуйн газрын хэрэгжүүлсэн ажлын үр дүнгийн талаар сонсож, салбарын яамны боловсруулж буй хуулийн төслүүд, ирэх онд баримтлах бодлогын чиглэлийн талаар мэдээлэл өгч, санал солилцов.

Оролцогчдын зүгээс 2026 онд батлагдсан төсөвт шатахуун, томилолт, бараа материалын зардлыг нэмэгдүүлэх, сумдад ажиллах туулах чадвартай автомашины дэмжлэг үзүүлэх, бүтэц орон тоог бодит хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, азотын үйлдвэр байгуулах, 2025, 2026 онд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд орон нутгаас төсөв батлаагүй учир зээл олгох боломжгүй байдал үүссэн, Зүүн бүсийн хэмжээнд малын тэжээлийн үйлдвэр болон үр тариа хадгалах 10000 тонны элеватор байгуулах зэрэг асуудлыг хөндлөө.

Мөн Хэрлэн сумын нутаг Дулааны талд Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй услалтын системийн барилга угсралтын ажил удаашралтай байгаад онцгойлон анхаарч өгөхийг салбарын сайдаас хүсэв.
Иймд ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн Дулааны талын 700 га-гийн услалтын системийн төслийн явцтай газар дээр нь очиж танилцлаа. Төслийн гүйцэтгэгчээр “Жинсийн орой” ХХК, “Комп трейд” ХХК-ийн түншлэл гүйцэтгэж байгаа бөгөөд 2023 онд гэрээний хугацааг 2025 оны есдүгээр сарын 27-ныг хүртэл сунгасан боловч одоогоор ашиглалтад оруулаагүй байна.
Уг төсөл дуусаж, ашиглалтад орсноор Хэрлэн сумын иргэд үр тариа, хүнсний ногооны усалгаатай тариалалт эрхлэх, цаашлаад Зүүн бүсдээ нийлүүлэх боломж бүрдэх юм.
М.Бадамсүрэн хариуцлагагүй ажиллаж буй компанид хатуу шаардлага тавьж ажиллахаа илэрхийлээд нөхцөл байдлыг судалж, санал дүгнэлт гарган танилцуулах, төслийг яаралтай ашиглалтад оруулахыг холбогдох хүмүүст үүрэг болгов.






