Дэлхийн өнцөг булан бүрд хөгжлийн бэрхшээлийн асуудлын талаар олон нийтэд ойлголт өгөх, хүний эрх, эрхэм зэрэг, сайн сайхан байдлыг хөхиүлэн дэмжиж, тухайн жилд олсон ололт амжилтаа дурдах, энэ сэдвээр харилцан ярилцах зорилгоор НҮБ-аас Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олон улсын өдрийг (12-р сарын 3) 1992 оноос хойш зарлан зохион байгуулж ирлээ. Энэ өдөр хөгжлийн бэрхшээлтэй хүнийг улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын амьдралд бүрэн дүүрэн оролцуулах ойлголтыг нэмэгдүүлэхийн тулд жил бүр тодорхой уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил “Хамруулан, тогтвортой ирээдүйд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг эрчимжүүлэхийг уриалах нь” уриан дор тэмдэглэж байна.
“Тэгш Нийгэм” Холбоо, “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвтэй хамтран энэ жилийн фото зургийн үзэсгэлэнг “Хөгжлийн бэрхшээлтэй залуучууд манлайлд” сэдвээр зохион байгуулж байна.
“Тэгш Нийгэм” Холбоо, “Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төв хамтран 2024 онд хоёр төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд нэг нь Европын Холбоо, АИФО Италийн ТББ-ын хамтын санхүүжилттэй хэрэгжиж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн зөрчилд хариу үзүүлэх үр нөлөөг сайжруулахад Иргэний нийгмийн байгууллагуудын хувь нэмэр”, нөгөө нь Италийн Буддистуудын Холбоо, АИФО Италийн ТББ-ын хамтын санхүүжилттэй хэрэгжиж буй “Байгаль орчныг хамгаалах хөтөлбөрөөр дамжуулж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмшүүлэх – Ногоон хамруулалт” төсөл юм.
Дээрх хоёр төсөл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зүгээс чухал хувь нэмрээ оруулж буй төслүүд бөгөөд гол үүрэг гүйцэтгэж байгаа хүмүүс нь хөгжлийн бэрхшээлтэй залуучууд юм.
Европын Холбоо “Тэгш Нийгэм” Холбоо ТББ-тай гурван удаа төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд үүний үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй олон залуучууд эрх мэдэлжиж, найз нөхдөө олж, нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог болж, өөрсдийн дуу хоолойгоо өргөж, манлайлан ажиллаж байна.
Энэ үзэсгэлэнгээр дамжуулж хөгжлийн бэрхшээлтэй залуучууд хэрхэн нийгмийн нэг идэвхтэй гишүүн болж, өөрсдийнхөө бие, сэтгэлээр үйл ажиллагаанд манлайлан оролцож байгааг фото зургаар илэрхийлэн үзүүлж байна.