Цагдаагийн байгууллагаас цахим орчинд болон олон нийтийн харилцаа, хандлагыг эерэгжүүлэх, зөв үйлдэлд уриалж сэдэлжүүлэх зорилгоор “Соёл танаас эхэлнэ” мэдээлэл, нөлөөллийн ажлыг худалдаа, үйлчилгээ эрхлэгч СиЮ, Жи-Эс 25 компаниудтай хамтран энэ оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс 1 сарын хугацаатай нийгмийн зорилтод бүлэг болох хүүхэд, залуучуудад чиглэн зохион байгуулж байна.
Монгол Улсын интернэт хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж, хүн бүр мэдээлэгчийн үүрэг гүйцэтгэж, үнэн, эсэх нь мэдэгдэхгүй зүйлсийг цахим хуудсандаа нийтэлж, хандалтааөсгөхийг зорьж байна.
Мэдээлэл гэдэг зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллагаас л “гардаг” зүйл биш. Цахим орчинд хүссэнээ нийтлэхдээ бусдын эрхийг ноцтойгоор зөрчдөг. Ялангуяа хүүхдийн эрхийг. Зураг, бичлэгийг цахим хуудсанд нээлттэйгээр байршуулж, хандалт авахын тулд буруу, зөвийг нь ялгалгүйгээр хүссэн зүйлээ бичих нь түгээмэл байгааг халах, нийтийн соёл, хандлагыг төлөвшүүлэхэдиргэн бүр хувь нэмэр оруулах нь чухал байна.
2024 оны эхний байдлаар Монгол Улс дахь дижитал хэрэглээний ерөнхий үзүүлэлтээр 2.91 сая интернэт хэрэглэгчидтэй үүнээс Сошиал медиа хэрэглэгчдийн тоо 2.5 саяд хүрсэн бөгөөд энэ нь нийт хүн амын 72.0 хувьтай тэнцэж байгаа бол хүн амын дунд эмэгтэйчүүд 50.5%, харин 49.5 хувь нь эрэгтэйчүүд, насны бүлгээр нь авч үзвэл36.8 хувь нь 18 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна.
Цахим орчны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэйгээр сүүлийн 5 жилийн хугацаанд 30.689 гэмт хэрэг бүртгэгдсэн ба он тус бүрээр нь харуулбал 2020 онд 1.795 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол 2021 онд 4.825 буюу 2.6 дахин, 2022 онд 8563 буюу 46.4 хувиар, 2023 онд 9.270 буюу 7.6 хувиар тус тус өссөн, 2024 оны эхний 10 дугаар сарын байдлаар 6.736 бүртгэгдээд байна.
Үйлдэгдсэн гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл 83,4 хувь нь цахимаар залилах, 5.8 хувь нь худал мэдээлэл тараах, 3.4 хувь нь Кибер аюулгүй байдлын эсрэг, 0.6 хувь нь Цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулах, 0.6 хувь нь насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татах, 6.3 хувь нь бусад төрлийн гэмт хэрэг байна.
Мөн нийгмийн бухимдал стресс, хүн хоорондын харилцааны алдаанаас үүдэлтэй гудамж талбай олон нийтийн газарт хэрүүл маргаан зодоон үүсгэх зэрэг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 7690 бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3.9 хувиар өсөж, нийт гэмт хэргийн 20.8 хувийг дангаар эзэлж байна.
Иймд цахим орчинд хүн нэр төр, алдар хүндэд халдах, мэдлэг, мэдээлэлгүйгээс үүдэн гэмт хэрэг, зөрчилд өртөж, хохирох, гудамж, талбай, олон нийтийн газар иргэд нэг нэгнээ үл хүндэтгэх, бусадтай сөрөг харилцах, танхайрах, бусдын эрхэнд халдах зэрэг нийгмийн сөрөг үзэгдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор ХҮН БҮР БУСДАД ХҮНДЭТГЭЛТЭЙ ХАНДАЖ СОЁЛЫГ ӨӨРӨӨСӨӨ ЭХЛҮҮЛЬЕ.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР