Сүүлийн өдрүүдэд улс орны эдийн засгийн нөхцөл байдал, инфляц, валютын ханш өсөж байгаа асуудал олны бухимдлыг төрүүлж байна. Энэ нь яалт ч үгүй ард түмний нуруун дээрх ачаа хүндэрч байгаа гэсэн үг юм. Өдөр ирэх тусам бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаад ард түмэн бухимдалтай байгаа ч авч байгаа арга хэмжээ гэхээр юм харагдахгүй байгаа нь үнэн.
Тэгвэл ийм нөхцөл байдал үүсэхэд хэн нэгэнд хариуцлага тооцох тухай л асуудал яригдаж эхлээд байгаа юм. Үүний нэг жишээ нь Төв банкны ерөнхийлөгчид хариуцлага тооцох эсэх асуудал бол өрнөлөө.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Эдийн засгийн байдал амаргүй байгаа. Бүх юм урсгалаараа явж байна. Чөлөөт уналт хийж байна. Гадаадаас бараа бүтээгдэхүүн авах гээд валют авах гэхээр тэр нь олдохгүй. Хэдхэн сарын дараа бараа бүтээгдэхүүний үнэ өсөх эрсдэлийг бий болгохоор байна. Энэ оны мөнгөний бодлогыг хэлэлцэж байхад “Өөрчлөлт оруулж, бодлогын хүүгээ нэмээч” гэсэн хүсэлт тавьсан. Гэвч “үгүй” гэсээр байгаад баталсан. Түүнээс хойш гадаад валютын нөөц тэрбум гаруй ам.доллароор буурууллаа. Үүнтэй холбоотойгоор Монголбанкны ерөнхийлөгчид хариуцлага тооцох тухай асуудлыг Эдийн засгийн байнгын хороо яримаар байна.
Хоёрдугаарт, эдийн засгийн байдлыг бодитой хэлэлцмээр байна. Мэдсэн ч мэдээгүй юм шиг байсаар энэ эдийн засаг чинь унаж дууслаа. Энэ бүхний хариуцлага нь УИХ-ын гишүүд бид нар дээр ирнэ шүү. Дуугүй байсныхаа төлөө, эс үйлдэл хийснийхээ төлөө бид нар хариуцлага хүлээнэ. Б.Лхагвасүрэнг анх Монголбанкны ерөнхийлөгчөөр томилох гэж байхад би “Энэ ажлыг хийж чадахгүй хүн” гээд ганцаараа эсэргүүцэж байсан. Эцэст нь өнөөдөр улс орны эдийн засгийг юунд хүргэснийг харж байна” гэж байнгын хорооны хуралдаанаар байр сууриа илэрхийлээд байна.