Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга С.Амарсайханы тушаалаар байгуулагдсан Шуурхай хэсгийн бүрэлдэхүүн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ажиллаж, Онцгой комиссын ээлжит хуралдааныг хийж гал түймрийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонсож холбогдох үүрэг чиглэлийг өглөө. Мөн шуурхай хуралдааны дараа гал түймэрт өртөж орон гэргүй болсон иргэдэд иж бүрэн гэр, хувцас хэрэглэл, эрүүл мэндийн багц хүлээлгэн өглөө.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум нь жилийн жилд гал түймэр гардаг эрсдэл өндөртэй бүс нутаг юм. Тиймд орон нутгийн хэмжээнд гал түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх, энэ чиглэлд иргэд олон нийтийг хамруулах, татан оролцуулах, эргүүл хийх ажлыг маш сайн зохион байгуулж, Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы гаргасан гал түймрээс урьдчилан сэргийлэх албан даалгаврыг мөрдөж ажиллахыг санууллаа.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг тус сумын Гал түймэр унтраах, аврах 47-р ангийн баг бүрэлдэхүүн орон нутгийн иргэд, Хилийн цэргийн дугаар ангийн алба хаагчдын дэмжлэгтэйгээр бүрэн унтраасан байна. Гал түймэрт нийт 7 айл өрхийн гэр шатсан бөгөөд 153 толгой мал өртсөн гэх урьдчилсан дүн гараад байна.
