ЭМГЭНЭЛ
ДАНЗАНВААНЧИГИЙН УХНАА
/1941-2022/
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Жүжигчин, Соёлын Гавьяат зүтгэлтэн, ОХУ-ын Буриадын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, СУИС-ын Хүндэт профессор Данзанваанчигийн Ухнаа 2022 оны 11 дүгээр сарын 28-ний өдөр таалал төгсөж Монголын соёл урлагт нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Данзанваанчигийн Ухнаа нь 1941 онд Дорноговь аймгийн Иххэт суманд төрсөн. 1960 онд тухайн үеийн Улсын Хөгжимт Драмын Театрын найрал дууны ангид дуучнаар Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, хормейстр Дагвын Лувсаншаравын шавь болон анх ажилласнаас хойш одоо хүртэл 60 жил тасралтгүй Монголын урлагт хөдөлмөрлөсөн байна.
Тэрээр Болгар улсын Софи хотноо Хөгжмийн дээд сургуулийг 1967-1972 онд дуурийн дуучин мэргэжлээр суралцаж төгссөн. Мөн 1980-1981 онд Москва хотын Театр-урлагийн дээд сургуулийг эстрад-концертын найруулагч буюу талбай, цэнгэлдэх хүрээлэнгийн тоглолтын найруулагч мэргэжлээр, 1984 онд Москва хотноо Удирдлагын институтын дээд курс, 1985 онд Улаанбаатар хотноо удирдлагын институтын дээд курсыг тус тус төгссөн.
Д.Ухнаа нь 1960 оноос Улсын Хөгжимт Драмын Театрт дуучнаар ажиллаж байхдаа Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн ард өвгөн, худалдаачин, Д.Лувсаншаравын “Хан бүргэд” дуурийн Дэмчигбал, Б.Дамдинсүрэнгийн “Тэмцэл” дуурийн орос офицер, П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн ноён Гиле, Дж.Пуччини “Чио чио Сан” дуурийн комиссар зэрэг гол болон туслах дүрийг бүтээж үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан ба 210 гаруй концертод гоцлол дуучин, концертын хөтлөгчийн үүрэг гүйцэтгэж байснаас гадна театрын ХЗЭ-ийн хорооны даргын сонгуульт ажлыг давхар гүйцэтгэж байжээ.
Д.Ухнаа нь Улсын Филармонид гавьяаныхаа амралтанд гарах хүртлээ 1976-1983 онуудад гоцлол дуучин, концертын хөтлөгч, туслах найруулагч, найруулагч, 1983-2001 онуудад 18 жил Улсын Филармонийн даргын ажлыг хийж гүйцэтгэж байсан юм.
Д.Ухнаа нь удирдан зохион байгуулах авьяастай, шуурхай дайчин, хариуцлагатай, эхэлсэн ажлаа дуустал гүйцэтгэдэг, уран бүтээлчидтэй ажиллах олон жилийн туршлага, өөрийн гэсэн арга барилтай, залуу үеийг сурган хүмүүжүүлж, залуу авьяастныг илрүүлэн тодруулах, тэднийг дэмжин туслахад онцгой анхаардаг, бүтээлч сэтгэлгээтэй, хамт олон үзэгчдийн дунд нэр хүндтэй нэгэн байлаа.
Түүний Монголд сонгодог болон эстрадын урлагийг хөгжүүлж, залуу үеийг сурган хүмүүжүүлэх олон жилийн нөр их хөдөлмөр, зүтгэл, шулуун шударга, ажилч хичээнгүй, тууштай, нөхөрсөг зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд, түүнд хайртай Монголын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлье.