Нүүр хуудасМэдээЭМЯ: Гепатитын D вирусийн эмчилгээний Булевиртид эмийг татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг...

ЭМЯ: Гепатитын D вирусийн эмчилгээний Булевиртид эмийг татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүллээ

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Гепатитын D вирусийн эмчилгээнд хэрэглэх зорилгоор импортлох Булевиртид эмийг Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг  өнөөдөр /2024-04-12/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
Засгийн газраас хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж байгаа гепатитын вирусийн халдвараас сэргийлэх, уг халдварыг оношлох, эмчлэхэд анхаарал хандуулж олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм.
Монгол Улс гепатитын вирусийн халдварын тархалт өндөртэй орны тоонд ордог бөгөөд энэхүү халдвараас үүдэлтэй элэгний хатуурал, хорт хавдар нь хүн амын өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байна.
 Гепатитын вирусийн А, В, С, D, Е гэсэн 5 төрөл байдаг. Тэдгээрийн халдвар дамжих зам, өвчний явц, газарзүйн тархалт, урьдчилан сэргийлэх арга зэрэг нь хоорондоо ялгаатай бөгөөд В, С вирус нь бэлгийн замаар, тарилга хийх, шивээс хийлгэх зэргээр арьс салстын гэмтсэн үед, халдвартай цус, цусан бүтээгдэхүүнтэй ажиллах үед, халдвартай эхээс хүүхдэд халдвар дамждаг. Гепатитын Д вирусийн халдвар ихэвчлэн гепатитын В вирусийн халдвартай хавсардаг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас хийсэн тооцооллоор манай улсад гепатитын Д вирусийн халдвартай 60 гаруй мянган иргэн байх магадлалтай. Гепатитын Д вирусийн халдварыг эмчлэх Булевиртид эм нь 47 амин хүчлээс тогтсон нийлэг эм бөгөөд элэгний эсэд Д вирус нэвтрэхийг саатуулах үйлчилгээтэй.
Европын эмийн агентлагаас Булевиртид эмийг эмийн бүртгэлд албан ёсоор бүртгэж, гепатитын B, Д вирусийн архаг халдварын эмчилгээнд хэрэглэх зөвшөөрөл олгосонтой уялдуулан манай улс тус эмийг өнчин эмийн жагсаалтад оруулж, гепатитын B, Д вирусийн эмчилгээний заавраа шинэчлэн баталж, 2024 оноос мөрдөж эхлээд байна.  
Гэвч Булевиртид эм нь өндөр үнэтэй учир иргэд тус виоусийн эсрэг эмийн эмчилгээнд хамрагдахад  хүндрэлтэй байгаа юм.  
Булевиртид эмийг анх ОХУ нээсэн ч патентаа АНУ-ын “Gilead Science” компанид худалдсанаар тус компани нь уг эмийн патентыг албан ёсны цор ганц эзэмшигч болж ОХУ гадаад улс оронд экспортлох боломжгүй, зөвхөн дотооддоо хэрэглэх эрхийг хадгалж үлдсэн.
ЭМЯ Булевиртид эмийн албан ёсны патентыг эзэмшигч АНУ-ын “Gilead Science” компанитай эмийн үнийг хэд дахин бууруулах талаар яриа хэлэлцээг үргэлжлүүлэн хийж байна.
Тиймээс гепатитын В ба Д вирусийн хавсарсан халдвартай иргэдэд шаардлагатай эмийн үнийг бууруулж, иргэдэд учрах санхүүгийн дарамтыг багасгах зорилгоор Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлага бий болсныг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг УИХ-ын даргад танилцууллаа.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН