Нүүр хуудасМэдээЭМЯ: С.Чинзориг сайд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлыг хүлээн авч уулзлаа

ЭМЯ: С.Чинзориг сайд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлыг хүлээн авч уулзлаа

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Монгол Улсад ажлын айлчлал хийхээр ирсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Саиа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд С.Чинзориг сайд Др.Саиа Мау Пиукалад Монгол оронд тавтай зочлохыг хүсээд өнгөрсөн онд Ази, Номхон далайн бүсийн парламентчдын чуулганд Тонгагийн Хаант улсын парламентын гишүүний хувиар оролцож, хамтдаа Төв аймагт очиж хөдөөгийн иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хэрхэн хүргэж буйтай танилцсан талаар дурсаад ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлын хариуцлагатай алба хүлээж авсанд баяр хүргэв. 
Тэрбээр мөн цас их орж, өвөлжилт хүндэрсний улмаас зудын гамшиг нүүрлэж олон аймаг, суманд зам харгуй боогдож, малчин өрхөд хүргэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тасалдаж болзошгүй нөхцөлд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвөөс Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраар дамжуулан хөдөөгийн иргэдэд нэн шаардлагатай эмийн багц, витамин, эмнэлгийн багаж хэрэгслээр тусласанд, энэ ажлыг шуурхай зохион байгуулсан хатагтай Сокорро Эскалантед онцгойлон талархаж буйгаа илэрхийллээ.
Эрүүл мэндийн сайд Монгол Улсын эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчинд хийж буй шинэчлэл, хүн амд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар хүртээмж, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зайлшгүй шаардлага зэрэг хэд хэдэн асуудлаар  Бүсийн захирал Др.Саиа Мау Пиукалад танилцуулж цаашид ДЭМБ-тай хамтран ажиллах үйл ажиллагааны чиглэлийн талаар саналаа хэлсэн.
Өнгөрсөн жил Улаанбаатар хотноо болсон Ази, Номхон далайн бүсийн парламентчдын чуулганаар өргөн уудам газар нутагтай, хүн ам нь тархай суурьшсан Монгол Улсын эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний бүтэц, тогтолцоо бүсийн бусад улс орнуудад үлгэр жишээ болохоор байна хэмээн дүгнэж байсан.
Хэдийгээр эрүүл мэндийн тогтолцооны хувьд  дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн ч тулгамдсан асуудлууд олон байна. Манай салбар 63 мянга гаруй ажиллагсадтай, 10 мянган хүнд 189 эрүүл мэндийн ажилтан ногдож байгаа нь дэлхийд дээгүүрт орох үзүүлэлт ч гэлээ эрүүл мэндийн ажилтны хүртээмж хот, хөдөөд харилцан адилгүй байна. Улаанбаатарт эмчийн дутагдал байхгүй ч сувилагч хүрэлцдэггүй. Хөдөө орон нутагт ялангуяа сумдад эмч, сувилагч ихээхэн дутагдалтай. Иймээс хөдөө орон нутгийг эмч, сувилагчаар хангахын тулд бодлогын арга хэмжээ шинээр авч хэрэгжүүлэхэд шаардлагатай гэж үзэж байгаа бөгөөд үүний тулд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн өнөөгийн нөхцөл байдалд цогц үнэлгээ хийхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхийг Эрүүл мэндийн сайд хүслээ. Мөн энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай анхдагч хуулийн хүрээнд байгуулах Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн оновчтой бүтэц, дүрмийг бий болгоход мэргэжлийн заавар зөвлөгөө авах, энэ тогтолцоо амжилттай хөгжсөн улс орнуудаас туршлага судлах хэрэгцээ шаардлага байгааг хэлсэн.
Бүсийн захирал Др.Саиа Мау Пиукала Монгол Улсын эрүүл мэндийн салбарын талаар тодорхой танилцуулсан С.Чинзориг сайдад талархал илэрхийлээд богино хугацаанд салбартаа хууль эрх зүйн болон үйл ажиллагааны шинэчлэл хийж, олон чухал ажлыг хийж гүйцэтгэсэнд баяр хүргэв.
Тэрбээр энэ оны хоёрдугаар сарын 1-нд Номхон далайн баруун бүсийн захирлын албан тушаалд томилогдсоноос хойш 10 дахь улсдаа ажиллаж байна гээд “Манай бүс хүн ам, газар нутгийн хэмжээгээр харилцан адилгүй олон улс орнуудтай. Эдгээр улс бүрт тулгарч буй эрүүл мэндийн асуудал нь адилхан. Би өнгөрсөн жил Монгол Улсад ирэхдээ анхан шатны тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлж байгаатай танилцсан. Энэ удаа ирэнгүүтээ Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвд зочилж лавлагаа шатлалын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцахад үнэхээр гүн сэтгэгдэл төрүүлсэн. Ялангуяа яаж цаасгүй эмнэлэг болсныг хараад бахархлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Доктор Саиа Мау Пиукала Монгол Улс эрүүл мэндийн салбарын тулгуур Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуультай болсонд баяр хүргээд хуулийг хэрэгжүүлэхэд бүхий л талаар туслахаа амлаад С.Чинзориг сайдын тавьсан саналуудыг шийдвэрлэхэд бүхий л талаар анхаарч, ойр дотно нягт хамтран  ажиллахад бэлэн байгаагаа хэлсэн.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН