Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоо “Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” сэдэвт сургалт, хэлэлцүүлгээ энэ сарын 8, 9-нд Өвөрхангай аймагт зохион байгууллаа.
Өвөрхангай аймгийн сумдын Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд, багийн эмч нар, аймгийн Нэгдсэн эмнэлэг, БОЭТ-ийн сүрьеэгийн тандалт судалгааны мэргэжилтнүүдэд зориулан Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн санхүүжилттэй зохион байгуулсан уг сургалт хэлэлцүүлгийн нээлтэд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж, Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны ерөнхийлөгч Ц.Ганхүү нарын албаныхан оролцож, сүрьеэ өвчнөөс иргэдийг урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэлтэй болгох, өвчнийг эрт үед нь илрүүлэх тандан судалгааг чанартай хийх, өвчилсөн тохиолдолд эмчилж эдгэрүүлэх нь хүн ардын эрүүл мэндийг хамгаалах замаар улс орны эдийн засагт дэмжлэг үзүүлж буй хэрэг гэдгийг хаа хаанаа анхаарч ажиллахыг хүслээ.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд тархсан Ковид-19 халдварт цар тахлын улмаас сүрьеэгийн тандан судалгааны хүч суларч илрүүлэг 2012 оны түвшинд хүрч буурсныг анхаарахгүй орхиж болохгүйг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг анхааруулаад дархлаажуулалтыг цаг тухайд нь чанартай хийх нь халдварт өвчнөөс сэргийлэх сайн арга гэдгийг ард иргэдэд ялангуяа зорилтот бүлгийн хүмүүст сурталчлан таниулах ажлыг сайн хийх ёстойг хэлсэн.
Сургалтад оролцогчдод зориулан Эрүүл мэндийн сайдын зөвлөх Ц.Эрдэмбилэг “Гүйцэтгэлийн санхүүжилтийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам”, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Стратеги, удирдлагын хэлтсийн дарга П.Оюунцэцэг “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний бодлогын төлөвлөлт, хэрэгжилт, цаашдын чиг хандлага”, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “Сумын эрүүл мэндийн төвд үзүүлэх тусламж, үйлчилгээний санхүүжилт, цаашид анхаарах асуудал”, Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны ерөнхийлөгч Ц.Ганхүү “Дэлхий дахины болон Монгол улсын сүрьеэгийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.
Энэ удаагийн сургалтаар Монголын сумын эмч, мэргэжилтнүүдийн холбооны эрдэмтэн судлаачид сүрьеэгийн хавьтлын илрүүлэлт, хяналтыг анхан шатны түвшинд сайжруулах, сорьц тээвэрлэлтийн чанар, үр дүн эерэг илрүүлэлтийг сайжруулахад анхаарах асуудал, уул уурхайн болон эрүүл мэндийн цогц үзлэгийн үр дүн, цаашид анхаарах асуудал, сүрьеэгийн үндэсний хөтөлбөрийн хамтарсан үнэлгээний үр дүн, цаашид анхаарах асуудал, сүрьеэтэй өвчтөнтэй харьцахуй, иргэдэд өгөх мэдээллийн зарчим, сүрьеэгийн тусламж үйлчилгээ үзүүлэх журам заавар шинэчлэх Сумын эрүүл мэндийн төвд сүрьеэгийн тусламж үйлчилгээний АШМ-ыг хөтлөхөд анхаарах асуудал, сүрьеэгийн эрт илрүүлгийн үзлэг зохион байгуулсан байдал, үр дүнгийн талаар тодорхой мэдээллүүдийг өгч Өвөрхангай аймгийн сүрьеэгийн өнөөгийн байдалтай танмлцсан.
Сумын эмч нарын хувьд өөрсдөд тулгамдаж буй асуудлуудаа ярилцаж халдварт өвчнөөс тэр дундаа сүрьеэгээс сэргийлэх мэдээллийг иргэдэд хүргэх арга замын талаар саналаа солилцож эмчилгээний шинэ арга зүй, эмийн талаар сонирхсон асуултдаа хариулт авч, мэдээллээ солилцлоо.