Улаанбаатар хотод 674 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна.
Үүний 276 нь төрийн, 398 хувийн хэвшлийн цэцэрлэг ажээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Энэ хичээлийн жилд зургаан дүүргийн 17 хороо төрийн өмчийн цэцэрлэггүй бол хэт ачаалалтай 57 цэцэрлэг байна. Ачаалал өндөртэй 57 цэцэрлэгийн найман нь орон сууцны 26 шинэ хорооллын дунд байршилтай учраас орон сууцны нэг давхрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдаж авах, өөрийн газар дээр цэцэрлэг барьсан тохиолдолд төрөөс дэмжиж татварын хөнгөлөлт үзүүлэх талаар арга хэмжээ авна. Хүүхэд харах үйлчилгээг шинэ шатанд гаргахад анхаарч 2-3 насны хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулна. Ингэснээр ачаалал өндөртэй 57 байршилд 5000 гаруй хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулах боломжтой гэсэн судалгааг хийсэн” гэдгийг хэллээ.
Хэт ачаалалтай цэцэрлэгүүд 58 мянга орчим хүүхэд авах хүчин чадал ч өнөөдрийн байдлаар 77 мянга орчим хүүхэдтэй байна. Энэ онд нийслэлд 28 цэцэрлэгийн барилга, өргөтгөлийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.