Нүүр хуудасМэдээ“Эрдэнэс Монгол” нэгдэл хандивын ажиллагаанд нэгдэв

“Эрдэнэс Монгол” нэгдэл хандивын ажиллагаанд нэгдэв

БНХАУ-д дэгдсэн COVID-19 өвчний эсрэг тэмцэлд эв санааны нэгдэлтэй буйгаа илэрхийлж туслах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын зүгээс өрнүүлсэн “Мөнхийн хөрш – Сэтгэлийн дэмжлэг” хандивын аянаар цугларсан мөнгийг БНХАУ-д гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2020.03.13/ ГХЯ-нд болов. Монгол Улсын төр, засгийн байгууллагууд болон 43 аж ахуйн нэгж, 188 иргэдээс цугларсан 391.6 сая төгрөгийн хандивыг гардуулах энэхүү ёслолын ажиллагаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Сангийн дэд сайд Х.Булгантуяа болон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй тэргүүтэй БНХАУ-ын ЭСЯ-ны ажилтнууд оролцов.

Энэ үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн айлчлал нь хоёр орны найрсаг харилцааг гүнзгийрүүлж, иж бүрэн стратегийн түншлэлийг бэхжүүлж, улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлснийг онцлон тэмдэглэе. Түүнчлэн өвчний байдлаас шалтгаалан хоёр талын хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлэхэд хүндрэл үүсч, экспортын орлого мэдэгдэхүйц багасаж, улсын төсвийн орлого бүрдүүлэлт буурах хандлага ажиглагдаж байна. Гэвч өвчний дэгдэлт буурсны дараа худалдаа, эдийн засгийн алдагдлыг Хятадын талтай хамтран шийдвэрлэх боломж бий гэдэгт найдаж байна. БНХАУ-д шинэ төрлийн коронавирустэй тэмцэх ажилд туслах зорилгоор “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хүмүүнлэгийн аян өрнүүлж, төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэд сайн дураараа нэгдсэн. Аяны хүрээнд цугласан мөнгийг өнөөдөр Хятадын талд гардуулан өгч байгаадаа баяртай байна” гэлээ. 

Харин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй “БНХАУ-д халдварласан хүний тоо 14 мянга хүрээд байна. Энэ өвчинтэй тэмцэх тэмцэл хамгийн хүнд байлаа. Бид хайнга хандаж болохгүй, бүх анхаарлаа хандуулж байна. Энэ өвчнийг эмчлэх зориулалтын эм одоогоор алга. Бид  хятад болон европ аргыг хослуулан үр дүнд хүрч байна. Мөн та бүхэнд баяр хүргэе. Монголын төр засгийн зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээний ачаар вирусийн тархалтаас хамгаалж чадаж байна” гэв.

“Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хүмүүнлэгийн аянд “Эрдэнэс Монгол” ХХК идэвхтэй оролцсон бөгөөд Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Дэлхий дахинд тархаад буй шинэ төрлийн коронавирустэй тэмцэж байгаа хөршдөө сэтгэлийн дэмжлэг үзүүлэх нь бидний үүрэг юм. Манай улсын экспортын бүтээгдэхүүний 80 гаруй хувийг уул уурхайн салбар эзэлдэг. Иймд манай “Эрдэнэс Монгол” нэгдэл, тэр дундаа Багануур, Шивээ-Овоо компанийн уурхайчид болон нэгдлийн нийт ажилтан, албан хаагчид энэхүү аянд нэгдэж, хандив өргөж буйд баяртай байна” хэмээв. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН