“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Нэгдсэн менежментийн тогтолцооны ISO стандартын тэргүүлэх 9 аудиторууд Цанхийн уурхайд гэрээний дагуу хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажил, үйлчилгээ үзүүлж буй 11 компанид стандартын дагуу хөндлөнгийн буюу хоёрдогч аудит анх удаа нийт компаниудад хийж гүйцэтгэсэн.

Энэ удаагийн стандартын хөндлөнгийн аудит нь ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны стандарт, ISO 45001:2018 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцооны стандарт, ISO 14001:2015 Байгаль орчны менежментийн тогтолцооны стандартыг үндсэн үйл ажиллагаанд нэвтрүүлэн, хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой ажил болж байна.

Тогтвортой хөгжлийн шалгуурыг хангаж хариуцлагатай уул уурхайг бий болгох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцүүлэх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулж, нэгдсэн менежментийн тогтолцоог сайжруулах зорилгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхийн баруун, зүүн уурхайн гэрээт компаниуд болох “Ти Ти Жи Ви Си Өү” ХХК, “Нормаунт” ХХК, “Кэй Эй Майнинг” ХХК, “Платинум Ланд” ХХК, “Овоот толгой ресурсес” ХХК, “Эрдэс Майнинг Оператор” ХХК, “Голд Магнет” ХХК, “Монгол Майнинг энд Эксплорэйшн” ХХК, “Максгүүр транс” ХХК, “Хавцгайт Их Хайрхан” ХХК “Өгөөж баян хангай” ХХК-д стандартын хөндлөнгийн аудитыг 2025 оны 09 болон 11 дүгээр саруудад хийж гүйцэтгэсэн.

Хөндлөнгийн аудитад хамрагдсан компаниуд нь цаашид аудитын үр дүнгээс гарсан анхаарах асуудлыг залруулах хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан ажиллах бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөрс хуулалт, нүүрс олборлох ажлын гүйцэтгэлийг тасралтгүй сайжруулахад чухал ач холбогдолтой юм.





