Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хан-Уул дүүргийн Яармаг бүсэд ажиллаж байна. Уулзалтын эхэнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан ирэх онд тус дүүрэгт хэрэгжүүлэх 8 онцлох ажлыг танилцууллаа.
Яармаг бүс нь Хан-Уул дүүргийн 5,6,7,8-р хороог хамардаг бөгөөд 30,754 хүн амтай.
Ерөнхий сайд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” илтгэлээ танилцуулж, тулгамдсан асуудал, гарц шийдлийн талаар ярилцлаа. Тэрбээр илтгэлийнхээ эхэнд Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар танилцуулав. Засгийн газар баялгийн реформ хийж, авлигатай тэмцэн, нүүрсний арилжааг ил тод болгосноор валютын нөөц 4.9 тэрбум ам.долларт хүрч, нэг хүнд ногдох ДНБ анх удаагаа 5000 ам.долларт хүрсэн. Улсын төсөв давж биелсэн орлогоор төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн. 2021-2023 онд Засгийн газар 13.3 их наяд төгрөгийн гадаад өр төлбөрийг барагдуулсан гэв. Мөн бүсчилсэн хөгжлийн дагуу орон нутгийг баруун бүс, хангайн бүс, хойд бүс, говийн бүс, төвийн бүс, зүүн бүс гэсэн зургаан бүсэд хуваасан. Үүнтэй адил нийслэлийг бүсчилж хөгжүүлэх боломжтой. Нийслэлийг бүсчилж хөгжүүлснээр төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойртож, хүртээмжтэй болно. Иргэд төрийн ямар ч үйлчилгээг 20 минутад авдаг байх боломжийг бүрдүүлэхийг зорьж байна.Мөн нийслэлд тулгамдаж буй түгжрэлийн асуудал ч шийдэгдэнэ” гэлээ.
ХУД-ийн 8-р хорооны Засаг дарга Д.Алимаа: Иргэд бүсчилсэн хөгжлийг дэмжиж байна. Хороодыг нэгтгэж бүсчилж хөгжүүлснээр төрийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ гэж үзэж байна.
Манай хороонд барилгажилт их явагдаж ногоон байгууламж үлдэхгүй байх эрсдэл байна. Үүнд анхаарч өгөхийг хүсье.
ХУД-ийн Иргэдийн хурлын төлөөлөгч Н.Наранцацрал: Засаг захиргааны одоогийн бүтэц төр иргэн хоёрыг холбоход хүндрэлтэй болсон байна. Тиймээс дүүргүүдийг 42 нэгжид хуваах бодлогыг зөв гэж үзэж байна.
Одоогийн хороодын засаг дарга нарт тодорхойлолт бичиж өгөхөөс өөр ямар ч эрх мэдэл алга. Тиймээс хороодын засаг дарга нарын эрх мэдлийг нэмж өгмөөр байна.
ХУД-ийн Засаг даргын орлогч Б.Цэрэн: Яармагийн бүсийг хамгийн түрүүнд бүсчилсэн хөгжлийн загвар болгон хөгжүүлэх боломжтой.
Иргэд төрийн 5 үйлчилгээ авахаар бидэнд ханддаг.
1.Бичиг баримтын үйлчилгээ
2. Халамж тэтгэмжийн үйлчилгээ
3. Эрүүл мэндийн үйлчилгээ
5.Нийгмийн аюулгүй байдлын үйлчилгээ.
Эдгээр үйлчилгээг хүртээмжтэй тэгш хүргэх нь чухал байна. Жишээ нь бүсчилж хөгжүүлбэл 4-5 өрхийн эмнэлгийг нэгтгэж хэвтэн эмчлүүлдэг эмнэлэг болгох боломжтой