Нүүр хуудасМэдээЯндангаа цонхоор гаргаснаас болж угаартаж амиа алджээ

Яндангаа цонхоор гаргаснаас болж угаартаж амиа алджээ

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ сарын 26-28-ны өдрүүдэд угаарын хийнд хүнд, хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлагыг Яаралтай түргэн тусламжийн төвд 18 өрхийн 40 иргэн өгч, эмнэлгийн тусламж, зөвлөгөө авсан байна.

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Аравдугаар сарын эхний байдалтай харьцуулахад иргэдээс дуудлага өгөх нь эрс багассан. Эмнэлэгт хандсан иргэдийн хувьд яндангийн цоонолт, хавхлагаа хаасан, пийшин зуухны битүүмжлэл муу зэргээс болж угаартсаныг мэргэжлийн байгууллагынхан тогтоосон. Тиймээс иргэд та бүхэн галлагааны зөвлөмжийг дагаж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна” гэв. Мөн шөнийн цахилгааныг тэглэсэнтэй холбоотойгоор сүүлийн өдрүүдэд обьектын гал түймрийн дуудлага ихэссэн байна. Аж ахуйн нэгж байгууллагууд цахилгааны ачааллыг хэтрүүлж, шаардлага хангахгүй кабелийн утас хэрэглэж байгаагаас үүдэж, гал түймэрт өртөж байгааг албаныхан сэрэмжлүүллээ.

Агаарын чанартай мэдээллийн хувьд өнгөрсөн долоо хоногийн хувьд PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 60 орчим хувиар буурсан, PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор 50 орчим хувиар буурсан үзүүлэлт гарсан талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал мэдээллээ.

Нийслэлийн Онцгой комиссын дарга, хотын Захирагч С.Амарсайхан хүйтний эрч чангарч галлагааны үе эхэлсэнтэй холбогдуулан төвийн зургаан дүүргийн Засаг дарга нарт сайжруулсан түлшний түгээлт, нийлүүлэлтэд анхаарал хандуулж, алслагдмал хороодуудад түлшийг хүргэлтээр хүргэх үүрэг даалгаврыг өгсөн байна. Уг үүрэг даалгаврын хүрээнд сайжруулсан түлш тасарсан цэгүүдийн мэдээллийг иргэд нийслэлийн мэдээ пэйж хуудсанд илгээх боломжтой талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар хэллээ. Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу холбогдох албаныхан яаралтай арга хэмжээг авч ажиллах аж. Нийслэлийн төрийн болон нутгийн захиргааны байгууллагын ажилтан албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, галлагааны зөвлөмжийг хүргэж, түлшний түгээлт нийлүүлэлтэд ээлжээр ажиллаж байгаа талаар мөн  мэдээллээ.

Өнгөрсөн өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн дугаар хорооны иргэн угаартаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Мэргэжлийн байгууллагынхан газар дээр нь очиж ажиллахад тухайн иргэн гэртээ засвар хийж байгаад яндангаа цонхоороо гаргаж аюулгүй байдлаа хангаагүйн улмаас амь насаа алдсан байжээ. Иймд иргэд, аж ахуйн нэгжүүдийг галлагааны зөвлөмжийг биелүүлж, аюулгүй байдлаа хангахыг албаныхан зөвлөлөө.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН