Нүүр хуудасБусадЯпон Монголын зэвсэгт хүчний хамтарсан сургалт дадлага эхэллээ

Япон Монголын зэвсэгт хүчний хамтарсан сургалт дадлага эхэллээ

Монгол Улсын Зэвсэгт хүчин, Япон Улсын Өөрийгөө хамгаалах хүчний хамтарсан “Зам-2022” сургалт, дадлага өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн сургалт 20 гаруй хоногийн хугацаатай Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийг түшиглэн авто замын далан, ус зайлуулах байгууламж барих бөгөөд дадлагаар АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Батлан хамгаалах яаманд буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн инженерийн зарим техник, тоног төхөөрөмжийг ажиллагаанд оруулж, ашиглах юм байна.

Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Ч.Цогтжаргал “Зам” хамтарсан сургалт, дадлага нь хоёр улсын цэргийн хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлдгийг онцлоод Монгол Улсын инженерийн цэргийн чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг цохон тэмдэглэв. Мөн Монгол Улсын Зэвсэгт хүчнээс НҮБ-д инженерийн цэргийн рот оролцуулах бэлтгэл ажилд энэхүү хамтарсан сургалт том дэмжлэг үзүүлж байгааг онцоллоо.

Энэхүү хамтарсан сургалт, дадлага нь Монгол Улсын Батлан хамгаалах яам, Япон Улсын Батлан хамгаалах яам хоорондын байгуулсан хэлэлцээрээр “Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн салбарын чадавхыг нэмэгдүүлэх” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд цэргийн инженерүүдийг зам барих аргад сурган дадлагажуулах, багшлах бүрэлдэхүүнийг бэлтгэх, мэдлэг ур чадварыг нь нэмэгдүүлэх, туршлага солилцох зорилгоор 2014 оноос хойш тасралтгүй хэрэгжиж байна гэж холбогдох газраас мэдээллэв

Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяши Хироюки “Монгол Улсын инженерийн цэргүүдийг суралцах чадвар маш өндөр. Өмнөх жилүүдэд япон сургагч багш нарын заавар, зөвлөмжөөр сургалт явагддаг байсан бол энэ жилээс монгол цэргүүд өөрсдөө бие даан удирдан явуулна.

Манай сургагч багш нар зөвхөн зөвлөх үүрэгтэй оролцоно. Энэ нь монгол цэргүүдийг суралцах чадвар сайн, гүйцэтгэл өндөр, дасан зохицох онцгой авьяастай гэдгийг батлан харуулж байгаа хэрэг юм” гээд сургалтын үйл ажиллагаанд өндөр амжилт хүссэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН