Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн сэргэлт КОВИД-19 вирусийн дельта хувилбарын тархалтаас үүдэн удааширч, улмаар аж ахуйн нэгж, айл өрхөд ирэх дарамт даамжирч, эдийн засгийн өсөлтийг сааруулан, тэгш бус байдлыг нэмэгдүүлэхээр байна хэмээн Дэлхийн Банкнаас мэдээлж байна. Гэхдээ дэлхийн банкны тайлан мэдээллээс Монгол улстай холбоотой мэдээллийг онцлоход Монгол улс иргэдээ эрчимтэй вакцинжуулсны үр дүнд бүс нутаг дундаа хүн амынхаа 60-аас дээш хувийг бүрэн вакцинжуулсан хоёр улсын нэг болжээ. Мөн вакцинжуулалтыг үр дүнтэй явуулсны зэрэгцээ дэлхийн эдийн засгийн төлөв өмнөх оноос сайжирч, засгийн газраас эдийн засгийг дэмжих олон хөтөлбөр, арга хэмжээг авснаар Монгол Улсын эдийн засаг сэргэж 2021 онд 4.5 хувиар, 2022 онд 5.2 хувиар өсөх төсөөлөлтэй байгааг дурьдсан байна. Харин, цар тахлын шинэ давлагаа үүсч, 2021 оны 2-р улиралд эдийн засгийн өсөлт саарсан, хилийн боомт дээрх гадаад худалдааны саатал удаан үргэлжилж байгаа зэргийг харгалзан үзээд бусад улсуудын адил Монголын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өмнөхөөс бууруулаад байна. “Засгийн газраас олгож буй дэмжлэг нь ядуу иргэдийн хувьд цар тахлаас үүдэлтэй орлогын алдагдлыг нь нөхөх боловч эдийн засгийн сэргэлт удааширч, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа зэргийг харгалзан үзвэл өрхийн өр зээл нэмэгдэж, урт хугацаанд өрх гэрийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, тэр дундаа хүүхдүүд шим тэжээлийн дутагдалд орох вий гэдэг зовнилыг бий болгож байна” гэж Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев онцлон хэллээ. “Тийм ч учраас цар тахлыг хумьж, гадаад орчны харьцангуй таатай нөхцөлийг ашиглан эдийн засгийн сэргэлтийг бэхжүүлэхийн зэрэгцээ төсвийн шинжтэй дэмжлэг, зарцуулалтуудыг аажмаар бууруулах нь Монгол Улсын хувьд тулгамдсан асуудал болоод байна. Их хэмжээний төсвийн шинжтэй зарцуулалт нь далд өрийг нэмэгдүүлэх, гадаад орчны тэнцвэрийг алдагдуулах эрсдэлтэй юм”. КОВИД-19-ийн тархалтыг дарахаас гадна эдийн засгийг эрчимжүүлж, хүртээмжтэй болгох цогц стратеги шаардлагатай байна. Уг хямралаас гарч буй нэг эерэг тал болох технологийн хурдацтай хэрэглээ нь хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлж, боловсролыг ардчилж, төрийн байгууллагуудыг өөрчлөх боломжтой болохыг энэхүү тайланд тодорхойлсон байна. Энэхүү эерэг нөлөөг дэмжих бодлогын шинэчлэлүүд мөн шаардлагатай юм. Тухайлбал, дэвшилтэт технологийг бизнестээ нэвтрүүлэхэд шаардлагатай ур чадварыг бизнес эрхлэгчдэд эзэмшүүлэхийн зэрэгцээ худалдаа, хөрөнгө оруулалтад нээлттэй; бизнес эрхлэгчид шинэ технологийг нэвтрүүлэх хөшүүргийг бий болгоход чиглэсэн өрсөлдөөний бодлогыг хэрэгжүүлэх нь зүйтэй. Сургалт, заах ур чадварын чанар, сургалтын хөтөлбөр, агуулгын ач холбогдлыг сайжруулах зэргээр боловсролын салбарт олон жил хүлээгдэж буй шинэчлэлийг хэрэгжүүлснээр боловсролын салбар дахь шинэ технологийн үр өгөөжийг илүү хүртээмжтэй болгох боломжтой гэжээ.
