Сүхбаатарын талбайд 34 настай иргэн өөрийгөө шатааж амиа алдсан хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү:
“Амь хохирогчийг Шүүхийн эмнэлгийн задлан шинжилгээнд хүргүүлсэн. Түүний биенээс 1987 онд төрсөн Э гэгчийн бичиг баримт гарч ирсэн. Гэхдээ энэ бичиг тухайн иргэнийг мөн эсэхийг тодруулж шалгана. Одоогоор ямар учир шалтгааны улмаас ийм үйлдэл хийх болов гэдэг нь шалгалтаар тодорхой болно. Шуурхай ажиллаж байна” гэлээ.
Тус хэрэгтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2021.02.08/ Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар, Дотоодын цэргийн командлагч бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд нартай уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Сүхбаатарын талбайд иргэн Э харамсалтайгаар амь насаа алдсан явдлыг яаралтай шалгаж, учир шалтгааныг нэн даруй олж тогтоохыг даалгасан байна.