Нүүр хуудасНийтлэлАлт олборлогчдыг хэлмэгдүүлсэн Монголбанкны “захиалгат арилжаа” гэгч алдааны мөрөөр...

Алт олборлогчдыг хэлмэгдүүлсэн Монголбанкны “захиалгат арилжаа” гэгч алдааны мөрөөр…

Монголбанк 2020 оны дөрөвдүгээр сарын байдлаар таван тонн алт худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал гурав дахин өссөн үзүүлэлт аж. Харин одоогоос 20 орчим жилийн тэртээх алтны худалдааны сонин түүх, алт олборлогчдод учруулсан хохирол нь одоо болтол ул мөрөө үлдээсээр байна. 

Шинэ мянганы эхэн үеэс Монголбанк алт олборлогч компаниудтай “Арилжааны ерөнхий гэрээ” гэгчийг үйлдэн үүний үндсэн дээр олон улсын зах зээл дээр үнэт металлын үнийн өсөлтөөс ашиг олох арилжааг хийж эхэлжээ. Энэ арилжаанд “Хайлаас”, Тайга инвест”, “Эрдэс”, “Монгол газар”, “Эрэл”, “Алтандорнод Монгол”, “Монполимет” компаниудтай гэрээ байгуулсан байдаг юм. 

Гэрээнд зааснаар бол Монголбанк захиалагчийн ирүүлсэн захиалгыг үндэслэн арилжааг өдөрт нь хийх, арилжааны нөхцлийг баталгаажуулж захиалагчид мэдэгдэх, төлбөрийг шилжүүлэх, алдагдлын тооцоог хийж алдагдалтай бол захиалагч талд нэхэмжлэх хүргүүлэх зэрэг үүрэг хүлээжээ. Монголбанк ААН-үүдтэй ийнхүү гэрээтэй ажиллах хугацаандаа гадаад зах зээл дээр үнэт металлын үнийн өсөлтөөс жил бүр 2.3-29.831 сая төгрөгийн ашигтай ажилласан гэж тайлагнасан байдаг. Мөн олон улсын санхүүгийн зах зээл дээр 2001-2006 онд хийсэн алт ба валютын арилжааны үр дүнд 31.67 сая ам.долларын ашиг олсон гэж тайлан тэнцэлдээ тусгасан байна. 

Гадаадтай хийгдэж байсан бүх арилжаа Монголбанкны дансаар хийгдэж эрсдлийг Монголбанкны хариуцан ажиллаж байжээ. 

Харин 2007 оноос хойш юу болов? Монголбанкны ерөнхийлөгч солигдож, дараагийн ерөнхийлөгч нь өмнөх ерөнхийлөгчийн явуулж байсан үнэт металлын арилжааг гэнэт зогсоох тушаалыг 2007 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан. Ингэхдээ гэрээ байгуулсан талдаа албан ёсоор мэдэгдэлгүйгээр зөвхөн нэг талын санаачилгаар цуцалсан. Улмаар дараагийн алдагдлууд үүсэх нөхцлийг бий болгожээ. 

Арилжааг 2007 оны 4-р сарын 12-ны өдрийн 172 тоот тушаалаар зогсоосон боловч үүнээс хойш ч дараалан арилжаа хийсээр байсан. Ингэхдээ алдагдалтай арилжаанаас үүссэн төлбөр тооцоог гэрээг нь цуцалсан компаниуддаа тохож өөрсдийнхөөхууль бусаар хийсэн арилжаанаас үүссэн алдагдлыг өөрийн тайлан балансад авлага хэмээн буруу бүртгэж арав гаруй жил явжээ. Үүнийг үнэт металлын арилжааны бүртгэлийг хэрхэн хийхийг нягтлан бодох бүртгэлийн журамд нарийвчлан тусгаж өгөөгүй дотоод үйл ажиллагааны алдаа болох нь тогтоогджээ. Энгийн үгээр бол “дансны аргаар” гэж ярьдаг даа.

Ингэж алдагдал тохож явсаар 2008 оны 1-р сард “Хайлааст”, “Монгол газар”, “Эрдэс”, “Монполимет” зэрэг гэрээтэй ажиллаж байсан алт олборлогч компаниудаа дуудаж 2.5-5.2 сая ам.долларын арилжааны үүсмэл хэрэгслээр үүсгэсэн алдагдлыг тус тус хүлээн зөвшөөрүүлэхийг тулгажээ. Харин тухайн компаниуд уг алдагдлыг үндэслэлгүй, хууль зөрчиж гаргасан алдаагаа тохож байна гэж үзээд хүлээн зөвшөөрөх боломжгүйгээ мэдэгдсэн байдаг юм.

Тэд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу дээрх компаниуд Монголбанкнаас хохирол нэхэмжлэх ёстой байсан ч нэхэмжлээгүй, зөвхөн гэрээг үргэжлүүлэхийг хүссэн боловч Монголбанк хууль бусаар татгалзжээ. Тэр үед Монголбанк ч, компаниуд ч арилжаагаа үргэлжлүүлсэн бол гэрээнийхээ хугацаанд алдагдалгүй өндөрлөх боломж байсан гэдэг нь баримтаар нотлогддог. Мөн нөгөөтэйгүүр тухайн үед буюу 2007 онд Монголбанкны ерөнхийлөгч нь арилжааны алдагдлыг хязгаарлаж найдваргүй авлагуудыг Эрсдлийн сангаас хаах тушаал гаргаж байсан боловч харамсалтай нь хэрэгжүүлээгүй, авлагаа тайлан баланс дээрээ хэвээр явуулсаар байсан. Үүнд нэг “но” байсан. Тэр нь ам.долларын ханш өсөхийн хэрээр Монголбанкны алдагдлууд нь ханшийн зөрүүгээр ашиг авчирч хууль бусаар орлогожиж байгаа юм. Алдагдлыг авлага хэмээн балансад “хадгалаад” байсныг гол ашиг нь тэр байж. Бүхэл бүтэн 14 жилийн турш шүү!

Дээрх “үйл явдал”-аас 10-аад жилийн дараа Монголбанк шүүхэд хандсан нь зориудаар өөрсдийн хууль бус үйлдлийг булзааруулах гэсэн оролдлоо мэт харагддаг. Учир нь алт олборлогч компанидтай хийсэн энэ арилжаа Монголбанкны чиг үүрэгт хамаарахгүй ажиллагаа байсан. Харин ч Төв банкны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1-ийн 3, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9 дэх заалтыг зөрчсөн болохыг хөндлөнгийн аудит хийсэн “Эрнст анд Янг” компанийн тайлан болон Монголбанкны дотоод аудитын газрын, хяналтын ажлын хэсгийн тайлангуудад дурдсан байдаг. Тухайлбал, “Монголбанкны Дотоодын аудитын газраас компаниудын авлагын асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх санал гаргасан нь шүүхийн шатанд асуудал Монголбанкны талд гарах магадлал бага тул Монголбанк өөрөө дотроо зохицуулах нь зүйтэй” гэж үзсэнийг тайландаа дурдсан нь өөрийн байгууллагын алдааг мэдээд байсны маш тод баримт юм. 

Шүүхэд нэхэмжлэх эрх нь зөвхөн Монголбанкинд байсан боловч Монголбанкны чиг үүрэгт хамаарахгүй Төв банкны тухай хуулийн 5 дугаар зүйл, 23.1, 23.7 дахь хэсгийн 3.5 дахь заалт болон Иргэний хуулийн 56.1.1, 56.1.2, 56.1.8 зэрэг хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан байсан учраас шүүхэд нэхэмжлэн барагдуулахгүй олон жил болсон байна. 

Энд нэг сонирхолтой зүйл бий. Учир нь энэ хууль бус ажиллагаанаас олсон сайн талыг Төр сайшаачихсан байдаг. Тухайлбал 2005, 2006 онуудад УИХ-ын чуулганаар Монголбанкийг гадаад дотоод валютын нөөцөө нэмэгдүүлэх үйл ажиллагаагаа амжилттай явуулсан гэж тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгчийг сайшаасан байдаг. Харин үүний нөгөө талд ААН-үүд хэрхэн хохирсныг хэн ч дурдаагүй ээ. 

Ингээд Монголбанк 14 жилийн дараа 2016 оны 4 дүгээр сард Монголбанктай 2002-2007 онд гэрээ байгуулсан компаниуд дотроос зөвхөн “Монполимет” компанийг шүүхэд өгч, ханш болон тооцооны алдагдал нийлүүлсэн гэх 10.6 тэрбум төгрөгийн хохирлын нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 2016 он УИХ-ын сонгуулийн жил учраас энэ нь улс төрийн зорилготой гэдэг нь тодорхой байлаа. Сүхбаатар дүүргийн Иргэний шүүх Монголбанкны энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байдаг. 

Үүний дараа зарим ААН-үүдтэй авлагаа авахаар шүүхэдсэн боловч Монголбанкны хууль зөрчиж явуулсан дотоод үйл ажиллагааны буруу байсан гэдэг нь нотлогдсоор байгаа юм. Товчхондоо 2002-2007 онд Монголбанк ААН-үүдийн нэрийг ашиглан гадаад зах зээл дээр үнэт металл, валютын арилжаа явуулж ил мэдэгдэж байгаагаар 30 гаруй сая ам.долларын ашигтай ажиллаж Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлсэн нь ийнхүү баримтаар нотлогддог. Харин дээрх таван жилд алтны үнэ ханш тасралтгүй өсөж байхад Монголбанк холбогдох хууль, журмуудыг зөрчин ААН-үүдэд алдагдал үүсгэн гадаадын зах зээлээс өндөр үнээр олон удаа алт худалдан авах option арилжаануудыг хийж байсан нь ямар зорилготой байсан нь дүгнэхэд хэцүү байгаа юм. 

Ямартай ч Төр ашиг олох бүртээ ААН-үүдийн эрх ашгийг хохироодгийн нэг жишээ энэ боллоо. Шатахуун импортлогчдын “зовлонг” бүрэн сонсвол үүнээс ч илүү факт олдоно. Үнэндээ ерээд онд зах зээлийн эдийн засагт шилжих явцад олон улсын бирж дээр арилжаа хийх мэдлэг, туршлага нийт компаниудад хомс байсан. Гэтэл төрийн нэрийг барьж хэдэн компаниа бооцооны ширээн дээр тавих мэт азаа сорьж байсны золиос нь алтны компаниуд болж байсны нэг гашуун жишээ энэ. 

Нийтлэлч: ОРГИЛМАА

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН