МЭДЭГДЭЛ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР,

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ТАНАА

Та бүхний энэ өдрийн амгаланг эрье! 2021 оны тавдугаар сарын 13-ны өдөр Улсын Их Хурлын хуулийн хэлэлцүүлэг (Lawforum.mn)-т байршуулсан “Автотээврийн хэрэгслийн эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хууль”-ийн төсөл, түүнчлэн Т.Аюурсайхан болон зарим нэр бүхий гишүүдийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл түүний дагалдах бичиг баримтуудтай даатгалын салбарын бүх талын оролцогчид болох зохицуулалтын байгууллага, бодлогын яам, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, даатгуулагчид танилцлаа. Энэхүү хуулийн төсөл нь Монгол Ардын Намын 2020 оны Улсын Их Хурлын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын Хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Цар тахлын дараах эдийн засгийг эрчимжүүлэх Засгийн газрын бодлого, хуулийн төсөл зэрэг бодлогын бүхий бичиг баримттай агуулга, зорилго нь эрс зөрчилдөж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “…төрийн албаны дунд, доод шатны хүнд суртал, авлига, хээл хахуулийг таслан зогсоох, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх, баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдээ дэмжих” ёстой гэдгийг “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх” нь хуралд дөнгөж нэг сарын өмнө онцолсон. Монгол Улсын Их Хурлын 2021 оны намрын чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар таны хэлсэн “…Улсын их хурал нь хэлэлцэх хуулийн хүрээнд бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, бизнес эрхлэгчдийн нүдээр хуулийн орчинг сайжруулах, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжтой чиг үүргийг төр гүйцэтгэхгүй байх, Ковидын дараах эрсдэлийг даван туулж эдийн засгийн шинэ сэргэлтийг амжилттай хэрэгжүүлэхэд төр хувийн хэвшлийн цоо шинэ үр ашигтай хамтын ажиллагааг дэмжиж ажиллахыг Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл, Улсын Их Хурал, Засгийн Газар, намуудын бүлгүүд ч санал нэгдэж байгаа…” гэж илтгэн, эдийн засгийн реформыг үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгдсэн. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ та энэхүү зөвлөлдөх уулзалтын үеэр “…төрд байгаа төрийн өмчит үйлдвэрийн газрын давхцаж байгаа чиг үүргийг хувийн хэвшлийнхээ өмнүүр орохгүйгээр, ашигтай бизнесийг хувийн хэвшил эрхэлдэг болох боломж олгох ёстой. Төр бизнес эрхлэгчдийн нүдээр харах ёстой. Төрийн үйлчилгээг цахимжуулж, зөвшөөрөл олгоно, хяналт шалгалт хийнэ гэдэг хүнд суртлуудыг халахыг эрмэлзэж байна” гэж хурлын индэр дээрээс нийт иргэд, олон нийт, хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагчдад зарласан. Гэтэл энэ бодлогын эсрэг хуулийн төсөл өргөн баригдаад явж буйг даатгалын салбарын бүх оролцогчид цочирдон жигшин хүлээж авлаа. Дөнгөж нэг сарын өмнө зохион байгуулагдсан “Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт”-ын зорилго, агуулгаас тэс эсрэг, “шинэ ухралтын эдийн засаг, санхүү” гэж нэрлэхээр хуулийг санаачлан хэлэлцүүлж байгааг даатгалын салбарын бүх оролцогчид эрс эсэргүүцэж байгаагаа үүгээр илэрхийлж байна. “Алсын Хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичгийн Ухаалаг санхүүгийн зах зээл бүлгийн ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр заасан “Даатгалын салбарын тогтвортой байдлыг хангах хууль, эрх зүйн орчин бүрдэж, салбарын хамрах хүрээг нэмэгдүүлсэн байна” гэдэг зорилгыг энэ хууль үгүй хийх болно гэдгийг мэргэжлийн оролцогчдын хувьд хариуцлагатайгаар та бүхэнд сануулж байна. Дэлхий дээр 400 гаруй жил хөгжиж буй даатгалын салбарт төр ингэж бүдүүлэг оролцож байсан түүх байдаггүй бөгөөд эрсдлийн удирдлагыг хувийн хэвшлийн даатгагчид амжилттай хэрэгжүүлдэг олон улсын жишиг, туршлага бэлээхэн байна. Монголын даатгалын компаниуд эхнээсээ олон нийтийн нээлттэй компани болж, дотоодын хөрөнгийн зах зээл дээр институшнл хөрөнгө оруулагч болж, санхүүгийн зах зээлийн үндсэн хөдөлгүүр болох алхмаа амжилттай хийсэн. Үүгээр зогсохгүй ирэх 10 жилдээ багтан олон улсын хөрөнгийн биржид бүртгүүлэн, дэлхийн дэвжээнд гарах бэлтгэл ажлаа хэдийнэ эхэлсэн. Энэ бүх үйл ажиллагаа зах зээлийн сонгодог зарчим, төрийн оролцоо, хязгаарлалтгүй цэвэр өрсөлдөөний суурь дээр хийгддэг гэдгийг энд тодруулан дурдмаар байна. “Жолоочийн даатгалын тухай хууль” 2012 оноос хэрэгжиж ирснээс өнөөдрийг хүртэл зам тээврийн ослоос учирсан 230 гаруй мянган тохиолдолд 121,9 тэрбум төгрөгийн хохирлыг даатгалын салбар нөхөн төлбөрт олгосон байна. Түүнчлэн Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал болон бусад хэлбэрийн даатгалын андеррайтинг буюу гэрээ байгуулах процесс болон нөхөн төлбөрийн үйл ажиллагааг даатгалын компаниуд цахимжуулж, даатгуулагч зайнаас даатгалын үйлчилгээг авах боломжийг хангаж ажиллаж байгаагийн тод жишээ нь цар тахлын үед буюу 2020 оны 11-р сарын 11-нээс 2021 оны 3-р сарын 31-нийг хүртэлх буюу дөрвөн сарын хугацаанд даатгалын салбар нийт 21,542 даатгалын тохиолдолд 14,3 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг шийдвэрлэсний 35% нь Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд хамаарч байна. Энэ нь зөвхөн нөхөн төлбөрийн дүн бөгөөд Даатгалын салбарын хувьд даатгалын хураамж нь цэвэр хураамж, үйл ажиллагааны зардал, ашигт ажиллагаа гэж хуваарилагддаг зарчимтай. Даатгалын компани нь Даатгалын тухай хууль болон Санхүүгийн Зохицуулах Хорооны багц зохицуулалтын журмын хүрээнд даатгалын нөөц сан байгуулдаг бөгөөд зөвхөн нөхөн төлбөрийн дүнг “салгаж” авч улстөр хийн, мэргэжлийн салбарын үйл ажиллагааг олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагад илтэд буруугаар тайлбарлаж, худал мэдээлэл түгээж, түүнийгээ хуулийн үзэл баримтлал, тандан судалгаанд тусган өргөн барьж байгаа нь үнэхээр ёс зүйгүй, хууль зөрчсөн үйлдэл гэдгийг анхааруулъя. Нийгэмд тэтгэвэрийн реформ хийх тухай асуудал хүчтэй яригдаж, Нийгмийн даатгалын сангийн үйл ажиллагааг шинэчлэх асуудал ид хэлэлцэж байгаа өнөө цаг үед өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Жолоочийн даатгалын тухай хууль түүнийг хэрэгжүүлж ирсэн хувийн хэвшлийн үйл ажиллагаа, даатгагч, даатгуулагч, хохирол үнэлэгч, даатгалын төлөөлөгч, даатгалын компаниудын шуурхай алба, техник технологийн чиглэлээр хийсэн хөрөнгө оруулалт зэрэг өнгөрсөн хугацаанд бий болгосон дэд бүтэц, ноу-хау, тогтолцоог шууд зогсоож, “тусгайлсан чиг үүрэг бүхий нийтийн эрх зүйн хуулийн этгээд” гэгчийг байгуулж шилжүүлэхээр зорьж байгаа нь Монгол Улсын санхүүгийн зах зээлд хийгдэх асар том ухралт болно. Хэрэв “Автотээврийн хэрэгслийн эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай хууль”-ийн үзэл баримтлалд тусгасан агуулгаараа батлагдаж, хэрэгжиж эхэлбэл хуулийн үр дагаварт бодит байдал дээр иргэд, олон нийт хохирлоо барагдуулж чадахгүй байдалд хүрч, андеррайтингийн үйл ажиллагааны зардал өсч, өнөөдөр төлж буй хураамжаас ч өндөр даатгалын хураамжийг төлөх нөхцөл үүснэ. Түүнчлэн төрийн байгууллагын ачаалал нэмэгдэж, төрийн албаны орон тоо нэмэгдэж, төсвийн урсгал зардал л нэмэгдэх болохоос өөрөөр бодитой үнэ цэнийг даатгуулагч, иргэдэд бий болгохгүй гэдгийг онцолъё. Мөн дэлхийн аль ч улсад энэ хэлбэрийн хариуцлагын даатгалыг төр нь даатгалын анхдагч зах зээлд өөрөө оролцож “корпораци эсхүл аж ахуйн нэгж” байгуулдаггүй болохыг мэдэгдэе. Эцсийн бүлэгт Монгол улсын даатгалын салбар төдийгүй санхүүгийн зах зээлийн суурийг ганхуулж, төр хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагааг сүйрүүлж, дараагийн “Нийгмийн даатгалын сан, тэтгэвэрийн сан”-ын эх үүсвэрийг бий болгож, авилгал, хээл хахууль үржин цэцэглэх хөрс суурийг бүрдүүлэх нь цаг хугацааны асуудал гэдгийг та бүхэнд анхааруулж, сэрэмжлүүлэх нь энэ салбарын мэргэжлийн байгууллагын үүрэг билээ. Салбарынхаа эрүүл, мэргэжлийн, шударга, нээлттэй системийг хамгаалахын төлөө бид хатуу тэмцэх болно. МОНГОЛЫН ДААТГАЛЫН ХОЛБОО “Монголын Даатгалын Холбоо” ТББ нь 2004 онд Хууль зүйн яамны зөвшөөрөлтэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд Даатгалын салбарт Манлайлах, Төлөөлөх, Сургалт Өсөлтийг Хангах чиглэлээр ажиллаж ирсэн мэргэжлийн холбоо болно. Даатгалын Холбоо нь сайн дурын гишүүнчлэлтэй холбоо бөгөөд даатгалын салбарт үйл ажиллагаа явуулж буй 15 ердийн даатгагч, 1 урт хугацааны даатгагчийн жинхэнэ гишүүнчлэлтэй, бусад даатгалын мэргэжлийн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын дэмжигч гишүүнчлэлтэй болно.

“Автотээврийн хэрэгслийн эзэмшигчийн хариуцлагын даатгалын тухай”

хуулийн төсөлд хийсэн товч дүгнэлт

Их Хурлын Дэд дарга, гишүүн Т.Аюурсайхан болон нэр бүхий гишүүдийн санаачилсан“Жолоочийн даатгалын тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл болох “Автотээврийн хэрэгслийн даатгалын тухай хууль”-ийн төсөлд тусгасан онцлох заалтууд болон түүний сөрөг үр дагаваруудыг дор тодорхойллоо.

  1. Хуулийн 2.1-т “Автотээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагын албан журмын даатгал /цаашид “Хариуцлагын даатгал” гэх/-ын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай, Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай,Зөрчлийн тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Автотээврийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.”

Тайлбар: “Жолоочийн даатгалын тухай хууль”-ийг өөрчлөн найруулахдаа “Даатгалын тухай хууль” болон “Санхүүгийн Зохицуулах Хорооны Эрх зүйн байдлын тухай хууль”-ийн үйлчлэх хүрээг хамруулахгүй байхаар хассан нь даатгалын салбарын энэ 2 гол оролцогчийг оролцуулахгүй байх өөрчлөлтийг хийсэн байна. “Даатгалын тухай хууль” болон “Санхүүгийн Зохицуулах Хорооны Эрх Зүйн Байдлын тухай хууль”-ийн үндсэн зорилго нь даатгуулагчийн эрхийг хамгаалах чиглэлээр хяналт, зохицуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр хуульчилсан байдаг. Гэтэл энэ чиг үүргийг хассан нь бодит хяналт хийгдэхгүй байхаар байна.

  • Хуулийн 3.1.5-т “даатгуулагчийн итгэлийн түүх” гэж даатгагчаас даатгуулагчийн талаар хөтөлж байгаа мэдээллийг;

Тайлбар: Засгийн газраас даатгагчаас гэхийг хасахаар санал авахаар оруулсан байна. Энэ нь тусгай зөвшөөрөл бүхий даатгагч аж ахуйн нэгж энэхүү даатгалын үйл ажиллагаанд оролцохгүй гэх санааг хуульд тусгасан байна.

  • Хуулийн 3.1.7-д “Хариуцлагын даатгалын баталгаат сан” /цаашид “баталгаат сан” гэх/ гэж хариуцлагын даатгалын гэрээний хугацаа дуусах өдрөөс хуанлийн 30 хоног хэтрээгүй түүнчлэн бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан этгээдтодорхойгүй зэрэг тохиолдолд жолоочоос бусад этгээдэд учруулсан хохирлыг нөхөн төлөх зорилгоор төвлөрүүлсэн санг;

Тайлбар: Даатгалуулаагүй этгээдийг даатгалын гэрээ нь дуусаад 30 хоног хэтрээгүй байх гэсэн шаардлагаар ялгаснаар, эцсийн бүлэгт зам тээврийн ослоос хохирогч хохироод үлдэхээр нөхцлийг бий болгосон байна. Өнөөдрийн хүчин төгөлдөр хуулиас муутгасан буюу хохирогчийн эрхийг сэргээхийн эсрэг заалт оруулсан байна.

  • Хуулийн 3.1.14-т “Хариуцлагын даатгалын корпораци” гэж автотээврийн хэрэгсэл эзэмшигчийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулах тусгайлсан чиг үүрэг бүхий ашгийн төлөө бус,  нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг.

Тайлбар: Даатгалын үйл ажиллагаа нь “СЗХ-ны Эрх зүйн байдлын тухай хууль”, “Даатгалын тухай хууль”, “Компанийн хууль”-ийн дагуу тусгай зохицуулалттай, тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бол энэ хуулиар эдгээр зохицуулалтыг байхгүй болгох заалтыг оруулснаас гадна “нийтийн эрх зүйн хуулийн этгээд” гэдэг нь төрийн оролцоотой хуулийн этгээд гэж тайлбарлахаар байна. Энэ нь өрсөлдөөний зарчмыг үгүй хийж, тусгай зөшөөрөл бүхий аж ахуйн нэгжийг төрийн хяналт хэрэгждэг байсан бол хяналт хийх боломжийг үгүй хийж, хяналтгүйгээр даатгалын санг удирдах, төвлөрлийг бий болгож байна.

  • Жолоочийн даатгалын тухай хуулийн 7.5-д “Даатгуулагч нь даатгагчаа сайн дураараа чөлөөтэй сонгох эрхтэй.” гэсэн заалтыг хассан.

Тайлбар:Өрсөлдөөний үр дүнд даатгуулагч хамгийн сайн, хурдан шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ авах боломжийг хаасан байна.

  • Хуулийн 22.2-т “Хариуцлагын даатгалын корпораци нь баталгаат сан, хариуцлагын даатгалын сангийн бүрдүүлэлт, зарцуулалтын тайланг жил бүр гаргах бөгөөд уг сангийн үйл ажиллагаа, тайланд Үндэсний зөвлөл хяналт тавина.”

Тайлбар: Үндэсний зөвлөл буюу Хариуцлагын даатгалын корпорацийн Удирдах зөвлөл нь өөрийн гаргасан шийдвэр, түүний үр дүнд хэрэгжсэн санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавихаар тусгасан байна. Энэ хөндлөнгийн хяналт хийхзарчмыг алдагдуулсан байна.

  • Хуулийн 29.2-т “Даатгалын маргаан шийдвэрлэх зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг Үндэсний зөвлөл батална.”

Тайлбар: Гомдол, маргааныг шийдвэрлэх хөндлөнгийн байх зарчим мөн алдагдаж байна. Үндэсний зөвлөл нь өөрийн баталсан журам, төлөвлөгөө түүий хэрэгжилтийн алдаа дутагдлыг мөн өөрийн баталсан Маргаан шийдвэрлэх зөвлөлөөр шийдвэрлүүлэхээр заасан байна. Ашиг сонирхлын зөрчил үүснэ.

Зэрэг хуулийн төслийн заалтууд бусад хуулиудтай зөрчилдөхөөс гадна, хуулийн төсөл доторх заалтууд хоорондоо зөрчилдөөнтэй, даатгалын зарчмаас гажсан байна.

Нөгөөтэйгүүр Даатгалын салбарын багц хуулийн шинэчлэлтэй холбоотой Санхүүгийн Зохицуулах хорооны захиалгатай, Дэлхийн банкны туслалцаатай ” C4/CS/043 Даатгалын тухай хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах дотоодын зөвлөх (багийн гишүүн)төсөл хэрэгжиж байна. Дээрх хуулийн төслийн боловсруулалтын дагуу УИХ-н намрын чуулганы жагсаалтад Засгийн газраас даатгалын салбарын багц хууль өргөн баригдахаар хэлэлцэх хуулийн жагсаалтад орж батлагдсан байна.

Жолоочийн даатгалын тухай хуулийн хэрэгжилт, үн дүн

Даатгалын салбар нь 2012 оноос “Жолоочийн даатгалын тухай хууль”-ийг СЗХ-ны зохицуулалтын дор хэрэгжүүлж ирсэн бөгөөд дараахь ололт, хөгжлийг даатгуулагчдад бий болгосон. Үүнд:

  1. Андеррайтингийн үйл ажиллагааг мэргэжлийн оролцогчдын оролцоотойгоор тэлж, даатгуулагч бүрт хүрч үйлчилж эхэлсэн.
  2. 2016 оноос хойш цахим болон утсаар даатгал хийх үйлчилгээг нэвтрүүлж даатгуулагчийн цаг хугацаа, зардлыг хэмнэж эхэлсэн.
  3. Өнөөдөр хэрэгжиж буй Жолоочийн даатгалын тухай хуулийн 19.1-19.3-т заасан хугацаанд олгох зохицуулалттай бөгөөд даатгалын байгууллагууд амьдрал дээр хувийн хэвшлийн өрсөлдөөний үр дүнд 300-500 мянган төгрөг хүртэлх нөхөн төлбөрийг ажлын 8 цаг, түүнчлэн 20 минутанд олгох боломжийг бий болгосон.Даатгалын байгууллага нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилт, замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийг тогтоох эрх бүхий байгууллага биш хэдий ч зам тээврийн тодорхой ослуудын нөхөн төлбөрийг тээврийн цагдаагийн байгууллагын оролцоогүйгээр шийдвэрлэж байна. Үүнд: Замын хөдөлгөөний дүрмийн 11.13-11.14, 15.4, 15.9 зэрэг заалтууд зөрчигдсөн тохиолдолд тээврийн цагдаагийн акт, тодорхойлолтгүйгээр нөхөн төлбөрийг олгож байна.
  4. Мэдээллийн технологийн хөгжлийг даатгалын нөхөн төлбөрийн үйлчилгээнд ашиглан замын ачаалал, түгжрэлтэй энэ үед ослын газар шуурхай алба очихгүйгээр мобайл апп, чатбот ашиглан зам тээврийн ослын баталгаажуулалт, хохирлын зураг, нөхөн төлбөрийн өргөдлийг хүлээн авч шийдэрлэж эхэлсэн нь даатгуулагч жолооч, хохирогчийн цаг хугацаа, зардлыг хэмнэх бүрэн боломжийг олгож байна.

Хуулийг хэрэгжүүлж эхэлснээс өнөөдрийг хүртэл даатгалын компанид хүсэлт ирүүлсэн 230 мянган зам тээврийн ослоос үүдсэн хохиролд 122 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг шийдвэрлэсэн.

Энэ нь 1 даатгуулагчийн хувьд даатгалын хураамжид дунджаар 46 мянган төгрөг төлсөн бол дундаж нөхөн төлбөрт 530 мянган төгрөгийн нөхөн төлбөр олгогдсон байна. Даатгалын дундаж хохирлын хэмжээ 53% -тай байна.

Жолоочийн даатгал нь хэдий андеррайтингийн хувьд хосолсон харьцаа 100 хувь давсан буюу ашиггүй хэдий ч энэхүү даатгалын бүтээгдэхүүнээр дамжуулан иргэдэд даатгалын салбарын бусад бүтээгдэхүүнийг хүргэх, санал болгох, хосолсон бүтээгдэхүүн гаргах зэргээр даатгалын үр шимийг иргэдэд ойлгуулах, таниулахад хамгийн чухал суурь бүтээгдэхүүн учраас даатгалын салбарын хувьд зардлыг бууруулах, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх зэрэг шинэчлэл хөгжүүлэлтийг өнгөрсөн хугацаанд хийж ирсэн.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН