-11.9 C
Ulaanbaatar
Дав, 18 10 сар 2021 08:11:06
Нүүр хуудасМэдээОдоогийн 76 гишүүн нийгмийн итгэлийг дааж чадахгүй байхад гишүүдийн тоог нэмэхийг дэмжихгүй

Одоогийн 76 гишүүн нийгмийн итгэлийг дааж чадахгүй байхад гишүүдийн тоог нэмэхийг дэмжихгүй

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс мэдээлэл хийлээ. Ардчилсан намын зүгээс Үндсэн хуулийн өөрчлөлтөд 25 санал өгсөн бөгөөд үүнээс найман саналыг ажлын хэсэг хүлээж авах боломжгүй гэдгээ илэрхийлсэн. Учир нь өргөн барьсан хуулийн төсөлд тусгагдаагүй зүйл, заалтууд байгаа учраас дээрх найман заалтыг хүлээж авах боломжгүй гэж тайлбарласан юм.

Энэ үеэр Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Ардчилсан намын зөвлөл Үндсэн хуультай холбоотой асуудлаар хэлэлцлээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх хэлэлцүүлэгт Ардчилсан нам оролцохгүй гэсэн байр суурьтай байсан ч Ерөнхийлөгчийн зүгээс санал ирүүлснийг судалж, дэмжиж хэлэлцүүлэгт орох шийдвэр гаргасан. Бид тодорхой дөрвөн санал тавьсан, түүнийхээ байр сууринд ч хатуу зогсоно. Ерөнхийлөгчийн саналуудаас заримыг нь дэмжиж болох ч дэмжиж болохгүй заалтууд бий. Ерөнхийлөгчийн саналд парламент 108 гишүүн байх бөгөөд 54 гишүүн нь аймаг орон нутгаас сонгогдох бол 54 нь намын жагсаалтаар оруулж ирэхээр төлөвлөсөн. Намын жагсаалтын 54 гишүүн нь улс орны бодлогыг тодорхойлох, тойргоос сонгогдсон нь тойргийн эрх ашгаа хамгаалах гэсэн зорилгоор өргөн барьсан байсан. Тиймээс үндэслэл, тооцоололтой учраас бид дэмжинэ. Ардчилсан намын зүгээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг ард нийтийн санал асуулгаар батлах байр суурин дээрээ хэвээр байна” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Монгол Улсад тууштай бодлого, төлөвлөлт хэрэгтэй байна. МАН-ын 62 гишүүний өргөн барьсан нэмэлт, өөрчлөлтийн төсөлд алсын хараа, тууштай явах заалтууд байсан учраас бид дэмжиж байна. Тухайлбал, улс орны хөгжлийг тодорхойлох 54 гишүүн, орон нутаг тойргийн бодлого, хөгжлийн тодорхойлох 54 гишүүнтэй, холимог тогтолцоотой байх нь зөв санаачилга юм. Түүнээс гадна төсвийг батлахдаа орлогоо дагаж, зардлаа нэмдэг байдлыг хаах саналыг хүргүүлсэн ба Засгийн газрын өрийн дээд хэмжээнд зааг тавих зэрэг саналуудыг хүргүүлсэн. Хэрэв МАН Үндсэн хуулийн өөрчлөлтөөр зарчмын бодлогын өөрчлөлтүүдийг хийж чадахгүй, эрх мэдлийн төлөөх өөрчлөлтийг хийж байгаа бол Ардчилсан намын зөвлөл дэмжихгүй” гэлээ.

АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Сонгуулийн тогтолцоо, төрийн татвар, эдийн засаг, орон нутгийн эдийн засагтай холбоотой асуудлыг хүлээж авахгүй боломжгүй гэсэн тайлбар бид хүлээж авахгүй, дахин ажлын хэсгийн хуралдаанд оруулж, байр сууриа илэрхийлнэ. Ардчилсан намын хувьд улс орны, ард иргэдийн нийтийн эрх ашгийг хүндэтгэж байр суурин дээрээ хэвээр байна. Бидэнд ирсэн албан бус мэдээллээр МАН-ын бүлэг УИХ-ын гишүүдийн тоог 99 болгохыг дэмжсэн гэсэн. Бид үүнийг дэмжихгүй. Одоогийн 76 гишүүн нийгмийн итгэл, хүлээлтийг дааж чадахгүй байхад Үндсэн хуулийн өөрчлөлтөд гишүүдийн тоог нэмэхийг дэмжихгүй. Бид анхнаасаа Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналуудыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Хэрэв гишүүдийн тоог нэмэх гэж байгаа бол Ерөнхийлөгчийн өргөн барьсан 108 гишүүн байх, 50 хувь нь жагсаалтаар, 50 хувь нь тойргоос байх нь зөв гэдгийг бид дэмжинэ. Энэ нь илүү хариуцлагатай байх боломжтой гэж харж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН