Нүүр хуудасМэдээОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖИЙН ХЭТ ОЛШРОЛ 2021-2022 ОНУУДАД ҮРГЭЛЖЛЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖИЙН ХЭТ ОЛШРОЛ 2021-2022 ОНУУДАД ҮРГЭЛЖЛЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

Энэ оны 6 сарын 7-ноос 12-ны өдрүүдэд Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд навч, шилмүүсний хөнөөлт шавжийн тархалтыг тогтоох тоймчилсон судалгааг Ойн судлагаа, хөгжлийн төвөөс хийсэн. Судалгаанд Богдхан уулын дархан цаазат газрын ойн сан бүхий Түргэн, Жаргалант, Нүхт, Арцат, Хүүш, Богино, Зайсан, Залаат, Хүрхэрээ, Харгана, Хүрэлтогоот, Бумбат, Төр хур, Шажин хурах зэрэг газрууд хамрагдсан байна. Судалгаагаар Түргэн, Жаргалант, Хүүш, Залаат Бумбат, Төр хурах зэрэг газруудад навч, шилмүүсний зонхилох хөнөөлт шавжууд болох Якобсоны төөлүүрч эрвээхэй, Сибирийн хүр эрвээхэй зэрэг хөнөөлт шавжуудыг илүүлсэн. Тоймчилсон судалгаагаар Сибирийн хүр эрвээхэй Төр хурахын аманд 915 га талбайд,  Якобсоны төөлүүрч эрвээхэй Жаргалант, Түрэг, Хүүш, Төр хурах зэрэг газруудад 2792 га талбайд голомт үүсгэсэн байгааг тогтоосон.

Тэмцлийн ажлыг энэ сарын 29-нөөс эхлэн зохион байгуулж эхний ээлжид Богдхан-Уул ДЦГ-ын Төр хурах амны 30-р хэсэглэлийн 500 га талбайд үүргэн утаат шүршигч 5 багажаар, 5 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.

Одоогийн байдлаар Төр хурахын амны Сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэр тархсан 50 га талбайд тэмцлийн ажил явууллаа. Цаг агаарын байдлаас шалтгаалан тэмцэх ажлын үргэлжлэх хугацаа сунах магадлалтай байна.

Ойн хөнөөлт шавжийн голомт үүсгэн хэт олшрох давтамжийг эрдэмтэд 10-12 жил гэж үздэг. Якобсоны төөлүүрч эрвээхэйн хэт олшрол Богдхан уулын дархан цаазат газрын ойн санд 2021-2022 онуудад үргэлжлэхээр нөхцөл байдалтай байгааг судалгаагаар урьдчилан тогтоосон. Харин Төр хурахын амны ойн санд илэрсэн Сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэр нь 4-6 насжилттай байгаа нь 6 сарын сүүл, 7 сарын дунд 10 хоног хүртэл хүүхэлдэй шатандаа шилжиж, нисэж эхлэх учир голомт дахь хүрэнцрийн нягтшилыг бууруулах тэмцлийн ажлыг энэ оны 8-р сарын дунд 10 хоногт явуулах нь тохиромжтой юм.

Шилмүүст ойд хөнөөл учруулдаг шавжийн нэг эмэгчин нь 250-1000 орчим өндөг гаргаж хурдан хугацаанд их талбайг хамарсан голомт үүсгэх чадвартай. Иймээс бага үед нь  хөнөөлийн хэмжээг бууруулах, хамрах хүрээг зогсоох арга хэмжээг авч эхэллээ. Ингэснээр их хэмжээний талбайг хамран ойн санд хөнөөл учруулахаас урьдчилан сэргийлнэ. Ойн хөнөөлт шавжийн тоо хэвийн хэмжээндээ байх нь биологийн тэнцвэрт байдлыг хадгалах боловч хэт олшрох нь модыг доройтуулах  сөрөг нөлөөлөл ихтэй учир шаталсан хариу арга хэмжээ байгальд сөрөг нөлөөлөл багатай хортон устгах зориулалтын аргаар хөнөөлийн голомтыг хумих арга хэмжээ авах юм.

Монгол оронд 28 багийн 193 овог 847 төрөлд хамаарах 14 мянга орчим зүйлийн шавж тэмдэглэгдсэн байдаг.  Экологийн өндөр ач холбогдолтой манай орны оны экосистемд сөрөг нөлөө үзүүлж байгаа хүчин зүйлүүдийн нэг нь эдгээр ойн хөнөөлт шавж, өвчний хөнөөл гэж хэлж болно. Ойн хөнөөлт шавжийн хохирлыг утаагүй түймэр  ч гэж нэрлэдэг. Иймд ойн хортон шавжийг хүрээг хязгаарлаж хэт олшролоос өмнө устгах хэрэгтэй.  Ойн хөнөөлт шавж Якобсоны төөлүүрч эрвээхэйн хэт олшрол 2021-2022 онуудад үргэлжлэх нь судалгаагаар тогтоогдсон учир урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН