Нүүр хуудасБусадШөнө дөлөөр болсон морин уралдаанд 9 хүүхэд гэмтэж эмнэлэгт хүргэгдэв

Шөнө дөлөөр болсон морин уралдаанд 9 хүүхэд гэмтэж эмнэлэгт хүргэгдэв

Өчигдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт зохион байгуулсан хаврын бүсийн уралдааны үеэр 9 хүүхэд мориноосоо унаж, гэмтсэн гэдгийг Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Морин уралдаан 07.00-21.00 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд мориноос унасан есөн хүүхдийн гурав нь эмнэлэгт хүргэгджээ.

Уралдаанд 10-13 насны хүүхдүүд уралдсан бөгөөд эрлийз дээд нас, азарга, их нас, соёолон гэсэн дөрвөн насны морьд уралджээ. Уралдааны талбай хуурайшилт ихтэй, тоосжилт ихтэй учраас үлий цөмрөх, салхинд цохиулах зэрэг шалтгаанаар мориноосоо унасан хэмээн ЦЕГ-аас мэдээллээ.

Уралдааныг Монголын морин спорт уяачдын холбооноос цагдаагийн байгууллагад хүсэлт гаргасны дагуу цагдаагийн байгууллагаас 110 алба хаагч, 23 автомашин мотоциклтой хэв журам сахиулах үүрэг гүйцэтгэсэн гэдгийг хэлж байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Онцгой байдлын нийт 50 алба хаагч үүрэг гүйцэтгэжээ.

Одоогийн байдлаар ил харагдах шархтай хүүхэд нэмж бүртгэгдээгүй байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас гаргасан хүсэлтийн дагуу хэв журам сахиулах үүрэг гүйцэтгэсэн гэдгээ хэллээ.

“Дүнжингарав-2018” төвийн бүсийн уралдаанд эрлийз, монгол адуу холилдож уралдсан, харанхуй болж байхад соёолон насанд уралдах хүлгүүд гарааны зурхай руу хөдөлснөөс үүдэж эзэд нь уралдаанч хүүхэд, морьдоо бариад орж ирэхэд танихгүй байсан зэрэг олон маргаан үүсчээ. Ингэснээр өчигдөртөө түрүүлж, айрагдсан морьд одоо болтол тодроогүй байгаа аж.

Уг уралдаанд Төв аймгийн Баян сумын харьяат уяач Б.Нямжавын хээр, Төв аймгийн Баян сумын харьяат УИХ-ын дарга, ММСУХ-ны ерөнхийлөгч, тод манлай уяач М.Энхболдын хүү, улсын алдарт уяач Анарын бор, Төв аймгийн Баян сумын харьяат уяач Б.Нямжавын буурал, Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат уяач Ц.Гантулгын хээр, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат уяач Г.Мөнхсайханы зээрд зэрэг алдартай хурдан хүлгүүд уралдсан гэх мэдээлэл байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН