Нүүр хуудасЯрилцлагаХ.Цэвлээ: 20 жил эсвэл 50 жилийн дараа ГАР УТАСНЫ СЭТГҮҮЛ ЗҮЙ ҮЛДЭХ...

Х.Цэвлээ: 20 жил эсвэл 50 жилийн дараа ГАР УТАСНЫ СЭТГҮҮЛ ЗҮЙ ҮЛДЭХ ҮҮ?

Монгол улсад 1913-03-06-ны өдөр “Шинэ толь хэмээх бичиг сонин” гарснаар манай улсад Хэвлэл мэдээллийн салбар үүсч хөгжсөн гэж үздэг. Өнөөдөр 107 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан MGLTV-ийн хамт олны зүгээс үзэгч та бүхэндээ тусгай баярын хөтөлбөр болон, ярилцлагуудаа хүргэж байгаа билээ. Үүний нэг төлөөлөл нь МУСГЗ, ахмад сэтгүүлч Х.Цэвлээ юм. Ингээд та бүхэндээ түүнтэй өрнүүлсэн ярилцлагаа хүргэж байна.

  • Сайн байна уу? Танд Монгол улсад хэвлэл мэдээллийн салбар үүсч хөгжсөний түүхт 107 жилийн ойн баярын мэнд хүргэе.
  • Баярлалаа, танай хамт олонд Монголд хэвлэл мэдээллийн байгууллага үүсч хөгжсөний их баярын мэндийг дэвгүүлье. Баярлалаа. Намайг олоод хүрээд ирсэнд чинь бас баярлалаа.
  • Тэгэхээр энэ эрхэм хүнтэй уулзаж байгаагийн хувьд хичнээн жил сэтгүүл зүйн салбарт ажилласан бэ?, хичнээн уран бүтээл туурвисан бэ? гэдгийг нь үзэгчдэдээ дуулгах нь зүйтэй болов уу?
  • Хэцүү асуудал юм тэр чинь. Би сэтгүүл зүйд анх хөл тавьж байсан нь 1956 он юм. 1956 оны дөрөвдүгээр сард Баянхонгор аймгийн сонины хариуцлагатай нарийн бичгийн даргаар томилогдож, тэр цагаас хойш жаран хэдэн жил болсон байх шүү. 64, 65 жил болоод Сэтгүүлзүйн салбарт, хэвлэл мэдээллийн салбарт халаагүй, ээлжгүй  зүтгэж явна. За яахав, олон жил болсон юм чинь болох болохгүй их л юм хийсэн. Тэгээд одоо би нэг их тайлагнаад байх юу байх вэ дээ. Ямар нэг том уран бүтээл ч биш. Гэхдээ сонины ажил бол сонины л ажил. Би бол сонины сэтгүүлч. Дурангаар шагайж, хүний өмнө микрофон барьдаг сэтгүүлч яваагүй. Гэхдээ тийм байгууллагыг бас удирдаж байсан. Монголын Үндэсний радио, телевизийн даргаар бага зэрэг хугацаанд, эгзэгтэй үед 1990 онд Монгол орон даяар улс төр давалгаалж, халуу шатаж байсан тэр үед Монголын радио, телевизийн даргаар ажиллаж байсан. Хэвлэл мэдээллийн байгууллага үүссэнээс хойшхи энэ хугацааны нилээн эгзэгтэй цаг үе нь магадгүй 1990 он байсан ч байж болох юм гэж боддог. Сонины нийтлэлийн ажлын хувьд алийг тоолж барах вэ дээ? Бичсэнийг тоолох аргагүй, хэд ч байдаг юм. Муухан уран бүтээлчийн чинь юм их л байдаг юм. Муу дарханы нүүрс их гэж сонссон байлгүй.

“МИНИЙ ЦООХОРЛОСОН ЦААС, БАРСАН ҮЗЭГ ГЭВЭЛ” наснаасаа олныг элээсэн байна. Нэг их ч юу байх вэ дээ, гэхдээ ном нилээн бичсэн. Нийтлэлүүдээ эмхэтгэж ном болгосон байхгүй юу. Тэрнээс биш зориуд ном бичиж гаргасан юм бол цөөхөн. Гэхдээ яах вэ “Их Монгол” дээд сургуульд практик сэтгүүл зүй болон сэтгүүлчийн уран чадварын багшаар ажиллаж байхдаа хоёр, гурван ном бичсэн. “Миний сэтгүүл зүй” гэж ном хоёр дугаар бичсэн. “Өвөөгийн жор” гэсэн товхимлын шинжтэй жижгэвтэр ном хоёрыг ч гаргасан байх. Тэгээд Сэтгүүл зүйн тухай, Ур чадварын тухай гэх мэтчилэн хэд хэдэн жаахан ном бичсэн. Хүнд хэрэг болсон эсэхийг мэдэхгүй. Ерөнхийдөө миний ажил гэвэл тэр л байна. Сүүлийн үед 85 насны ойн жилийн дараагаар ер нь бас нэг жаахан дорвитойхон шиг хоёр, гурван юм хэвлүүлж үлдээхгүй бол болохгүй юм шиг байна. Олон жижигхэн миний чинь 40 гаруй ном байна л даа. Тэгээд тэр олон жижигхэн юмнуудаар ч юугаа хийдэг юм гэж бодоод өөрийнхөө бүтээлийг нэгтгэж хэвлүүлэх ажил хийсэн. Анхных нь “СОНИН ДУМАА” гэж нэг том ном 2018 онд гарсан. 2019 онд “СҮМБЭР ГУРВАН ОРГИЛ” нэртэй улс төрийн нийтлэлийн эмхэтгэл ухаантай юм. Одоо бол сэтгүүл зүйнхээ бүтээлийг эмхэтгээд дуусч байна. Ерөнхий нэрийг нь нэг сайн тогтоогүй байна. Гэхдээ урьдчилсан байдлаар “БАРИМТ НОЁНЫ БУУРАЛ БАНХАР” гэсэн нэр өгөх байх гэж бодож байгаа. Би өөрөө Сэтгүүлч хүний хувьд “ХОТОЧ НОХОЙ ШИГ НЭГ ЗАНГААРАА ЯВАХ ЮМСАН” гэж боддог. Тэр л миний зарчим. Нохойны тухай нилээн хэдэн сурвалжлага, ажиглалт, тэмдэглэл бичсэн удаатай байдаг юм. Тэгээд энэ номондоо тийм нэр өгдөг юм уу гэж бодоод. Улс амьтан муухай нохой гаргаж ирлээ гэж хэлдэг юм болов уу ч гэж бодоод, гэхдээ сайн шийдээгүй байна.

  • 1913-03-06-ны өдөр Монгол улсад “Шинэ толь хэмээх бичиг сонин” гарснаас хойш сэтгүүл зүйн үндсэн суурь тавигдсан гэж үздэг. Тэгэхээр Хэвлэл мэдээллийн салбар үүсч хөгжихөд үнэтэй хувь нэмэр оруулсан хүнийг Ж.Цэвээн гэж үздэг. Тэр хүнээс хойш сэтгүүл зүйн салбарт гол түүчээ болсон хүмүүсийг нэрлээч гэвэл хэнийг нэрлэх вэ? Түүний нэг нь та өөрөө яах аргагүй мөн шүү дээ.
  • За би ч юу юм бэ. Би бол тэр 1913 оны анхны сонин гаргасан явдал бол Монголын түүхэнд тод үсгээр тэмдэглэгдэх ёстой том гавъяа гэж боддог. Булган сүүлтэй байсан байхгүй юу. Тэгэхэд ганц жижигхэн сонин ч гарч байлаа. Дугаар нь сүүлдээ олдохоо байчихаад Ленинградаас Дашцэрэн гуай 20 дугаар билүү авчирсан байх. Тэгээд энэ Монголд Ж.Цэвээний сонины уламжлал, түүх тэгж орж ирж судлагдсан юм. Энийг судалж ерөөсөө хэвлэл мэдээллийн түүхэнд энэ хүний роль, сонины ролийг товойлгож тавих талаар хамгийн их хөөцөлдсөн хүмүүс бий. Гэхдээ хамгийн нэр цуутай бүтээлийг нь гаргаж, голлож хөөцөлдсөн хүн бол Тугалхүүгийн Баасансүрэн гэж одоо ТВ9 телевизийн захирал. Энэ хүн бол Ж.Цэвээний сэтгүүл зүйн талыг судлахдаа томоохон роль гүйцэтгэсэн гэж бодож байна. Тийм учраас би Баасансүрэндээ сэтгүүл зүйн байгууллагын 107 жилийн ойн өдөр баяр хүргэе. Монголын хэвлэл мэдээллийн түүхэнд анх эхэлж сэтгүүл зүйг хөгжүүлэхэд их үүрэг роль гүйцэтгэсэн сэтгүүлчид нилээн бий. Тэд нарын нэг онцлог нь сэтгүүл зүйн сургууль төгсөөгүй, практикаар, өөрөөр хэлбэл өөрийнхөө жинхэнэ төрөлхийн оюун ухаанаараа, төрөлхийн сэтгэлээрээ тэр салбарлуу орсон том зүтгэлтнүүд байна. Хамгийн эхэнд Цэндийн Дамдинсүрэн гуай, Үнэн сонины эрхлэгч байсан, бас нөгөө Дамдинсүрэн гэж бий. Энэ хоёр Дамдинсүрэн бол “Үнэн” сонинд нилээн их үүрэг гүйцэтгэсэн. Түүнээс гадна томоохон үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг нь Өндөрширээтийн Навааннамжил гуай “ӨВГӨН БИЧЭЭЧИЙН ӨГҮҮЛЭЛ” гэж том ном гарсан. Энүүгээр нь Монголын ард түмэн сайн мэднэ л дээ. Тэрний дараа Удвал гуай, Дашдэндэв гуай дандаа сонины сэтгүүл зүйгээр дамжиж Монголын нэртэй том зохиолч болж өссөн юм. Тэгэхээр “Хэвлэл мэдээллийн салбарын нэг гол онцлог нь юу вэ? гэхээр түүгээр дамжиж жинхэнэ төрөлхийн уран авьяастай сэтгэгчид Сэтгүүл зүйгээр дамжиж гарч ирсэн” байдаг. Энэ бол үндсэндээ манай зүй тогтол юм шиг. Манай бүх том зохиолчид сонины сэтгүүл зүйгээр дамжиж гарч ирсэн байдаг. Дараа нь энэ хэвлэл мэдээллийн салбарт чухал үүрэг гүйцэтгэсэн хүн бол Буяннэмэх гэж ярьдаг юм. Буяннэмэх Монголын анхны улстөрийн том сонины эрхлэгч байсан хүн. “Монголын Үнэн” сонин гэж 1920 онд гадаадад нууцаар хэвлэгдсэн энэ сонины 100 жилийн ой энэ жил болно. Үүнд Буяннэмэх гуайг их үүрэг гүйцэтгэсэн гэж ярьдаг. Сүүлд нь 1937 онд баригдаад хэлмэгдсэн л дээ. Тэрний дараагаар залгаад дараа дараагийн сэтгүүлчид орж ирж байгаа юм. Энэнд манай “Үнэн” сонины эрхлэгч Цэндийн Намсрай 23 жил эрхлэгч байсан, 20-иод жил Монголын сэтгүүлчдийн байгууллагыг толгойлж байсан. Тэр үеэс эхлээд Монголын сэтгүүлчдийн түүхэнд үүрэг гүйцэтгэсэн том сэтгүүлчид гэх юм бол Намсрай гуайтай хамт орж ирсэн хүмүүс бий. Тэрний нэг нь “Үнэн” сонины орлогч эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга, “Тоншуул” сэтгүүлийн эрхлэгчээр 20 гаруй жил ажилласан Очирын Пунцаг гэж хүн байлаа. Энэ хүн  90 гаруй наслаад саяхан бурхан болсон юм. За тэгээд Монголын сэтгүүлчдийн байгууллагын шугамаар нь ярих юм бол Үржинбадам гэж Оросод төгссөн мэргэжлийн сэтгүүлч орж ирсэн. Мэргэжлийн сэтгүүлч бол ер нь л 1950-иад оны дундуураас үндсэндээ орж ирсэндээ. Манай хамгийн анхны сэтгүүлчид бол Москвад Ломносовын их сургуулийн сэтгүүл зүйн анги төгссөн Амбасэлмаа гээд хэдэн улс байж байна. Гомбожавын Очирбат гээд Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга байсан одоо 90 гаран настай ахмад сэтгүүлчид байна. Очирбат гуайгаас гадна Лэгдэн байна. Саяхныг хүртэл ажиллаж байсан. Түмэнжаргал гэж байсан МОНЦАМЭ-д ажиллаж байсан, эрхлэгчээр голдуу ажиллаж байсан. Рэнцэн гуай байна. Энэ хүн анх “Үнэн” сонины дэргэд Орос сонин гарахад 1940-өөд оноос эхлээд анхных нь эрхлэгч байсан, нилээн олон жил хэвлэл мэдээллийн салбарын, сонины хэл найруулгыг жинхэнэ Монгол болгох тал дээр Сэтгүүл зүйн түүхэнд маш том үүрэг гүйцэтгэсэн хамгийн том төлөөлөгчийн нэг нь байх гэж бий боддог юм. Дараагаар нь та бүхэн сайн мэдэх том хүн бол Гэндэнжамцын Дэлэг байна. МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийг нээсэн, “МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ТҮҮХ” гэдэг анхны түүхийг анх удаа бичиж эрэмбэлсэн хүн байгаа юм.
  • Хэвлэл мэдээллийн салбар үүсээд 107 жил болж байна. Энэ салбарт, энэ цаг хугацаанд талаас илүү хувьд нь та ажилласан байна. Тэгэхээр энэ хугацаанд таны харж буйгаар сэтгүүл зүй хашаа явж байна. Хэвлэлийн эрх чөлөө манай улсад байна уу, таны санааг зовоож байгаа зүйл байдаг бол юу байна вэ?
  • Хэвлэлийн эрх чөлөө бол янз, янзын ойлголтууд байдаг. Янз бүрийн өнцгөөс харсан. Янз бүрийн байдлаар энийг томъёолдог. Гэхдээ МОНГОЛД ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ ЧӨЛӨӨТЭЙ БАЙНА УУ? гэвэл ЧӨЛӨӨТЭЙ БАЙНА. Бичиж болохгүй юм гэж алга. Дуугарч болохгүй юм гэж алга.

Бүх төрлийн хэвлэл мэдээлэл хөгжиж байна. Сонины сэтгүүл зүй гэж байсан чинь Радиогийн сэтгүүл зүй гэж үүсээд дараагаар нь телевизийн сэтгүүл зүй гэж гарч ирээд одоо цахим сэтгүүл зүй. Цахим сэтгүүл зүй цаашаа явсаар байгаад “ГАР УТАСНЫ СЭТГҮҮЛ ЗҮЙ” болоод явж байх шиг байна. Тэгээд чухам одоо яах юм байгаа юм бид. Саяхан нэг уулзалт хийж байхад “ТЭРТЭЙ ТЭРГҮЙ АЛДАГДАЛТАЙ, ЗАХИАЛАГЧ ЦӨӨХӨН БОЛСОН ҮЕ БАЙНА. БИД ГАР УТСААРАА БАЙЛДАНА АА” гэж ярьж байсан. Тэр чинь цаг үеийн асуудал байх. Гэхдээ

“Гар утасны сэтгүүл зүй цаашаа хөгжөөд яах ёстой юм. Сэтгүүл зүй чинь улс нийгмийн, хүн төрөлхний түүхийг бичиж яваа байхгүй юу. Өнөөдөртөө бичигдээд байгаа боловч 20 жилийн дараа, 50 жилийн дараа тэр гар утасны сэтгүүл зүй үлдэх үү, үгүй юу гэдгийг хэлэхэд бэрх” юм.

Сонины сэтгүүл зүй гэвэл тэр 1913 оны сонин ч хэвээрээ хадгалагдаж байна, 1920 онд гарсан “Үнэн” сонин ч одоо хадгалагдаж л байна. Тэрний дараа гарч ирсэн “Уриа” сонин, бүх төрлийн сонингууд. Тэгээд 1990-ээд оноос гарч эхлэсэн “Үг”, “Ардчилал”, түүнээс өмнө “Хөдөлмөр” сонин гээд залуучуудын сонин, цэргийн шугамаар “Улаан од”, “Эх орны манаа” гэх мэтчилэн сонингууд хөгжөөд явж байсан. Одоо яахав, хүн төрөлхтөн чинь нэгэнт практик гээд гараад ирсэн бол тэрнийг нь шинжлэх ухаан нотлоод, тэрнийг нь хүн төрөлхтөн өөртөө хэрэгтэй хувилбараа болосвруулна. Хүн төрөлхтний оюун ухаан, танин мэдэхүй гэдэг чинь тэгж л явж байна. Тэгээд бодвол одоогийн энэ гар утасны, нөтбүүкний сэтгүүл зүйг хамгийн гол нь яаж хадгалах вэ? мэдээллийг хадгалах асуудал ямар нэгэн хэмжээгээр одоо ч хийгдэж байгаа байх, цаашид ч хийгдэх байх гэж бодож байна. Ерөөсөө Сэтгүүл зүйд гурван хууль байдаг юм. Нэгдүгээрт, Сэтгүүл зүй дагалдах шинжтэй байдаг. Ямар нэгэн юмыг болоход хойноос нь дагаж тусгаж байдаг. Хоёрдугаарт, хадгалах шинжтэй. Сэтгүүл зүйн гол нь түүх бичдэг гээд байгаа нь яг ХҮН ЧУЛУУ ШИГ ТҮҮХИЙГ ХАДГАЛААД ҮЛДДЭГ байхгүй юу. Тэгэхээр цаашид хадгалагдах байлгүй гэж бодож байгаа.

  • Гол нь “Дөрөв дэх засаглал” иргэдэд үнэн бодит мэдээлэл хүргэх, соён гэгээрүүлэх үүргээ хэр биелүүлж чадаж байгаа бол?
  • Биелүүлж байна. Монголын ард түмэн чинь ерөөсөө хэвлэлийн хойноос явж байгаа шүү дээ. Түүнээс биш Ерөнхийлөгчийн хойноос, заавраар яваад байгаа ч юм биш. Хэвлэл мэдээлэл ард түмнээ хөтлөөд, ард түмэн цаагуураа ерөөсөө л хэвлэлийнхээ хойноос яваад байдаг. Энийг хэзээ сайн мэдсэн бэ гэхээр 1990 онд сайн мэдлээ шүү дээ. 1980-аад оны дундуураас эхлээд “Үнэн” сонин, радио телевиз, хэвлэл мэдээлэл хүний эрх, эрх чөлөө, ардчиллын тухай яриад эхлэсэн. Гудамжинд жагсаал цуглаан болоод байсан, “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙНХЭЭ ХОЙНООС ЯВСААР БАЙГААД АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫГ ХИЙСЭН ШҮҮ”.
  • Сэтгүүл зүйн бичлэгийн төрөл зүйл олон байдаг. Одоо цагт орхигдож байгаа хэлбэр, бичлэгийн төрөл зүйл байна уу?
  • Би сайн мэдэхгүй юм. Гэхдээ өнөө үед хамгийн их найдвартай, хүмүүсийн унших, сэтгэл өгөөд байгаа төрөл бол ЭССЭ, БОДРОЛ бичлэгийн төрөл. Ялангуяа энэ жижигхэн, жижигхэн эссэ, онч мэргэн үг шиг төрлийг нилээн сонирхоод байна, зүгээр бичиж чаддаг сэтгүүлч нь бас тийм ч олон биш байх шиг байна. Сүүлийн үед бол ерөнхийд нь хэт харлуулж, улс төржих байдал бий болж. Тэгснээрээ олон түмний итгэлийг тэр хэмжээгээрээ алдаад, өөрсдөө бол их л чадалтай сайн, гавьяа байгуулаад байгаа, их юм яриад байгаа юм шиг боловч цаанаа олон түмний дунд нэр хүндээ алдаад байдаг явдал байгаа юм шиг байна. Би бол тэгж л хараад байгаа юм.
  • Сэтгүүл зүйг Сэтгүүлч гэдэг хүнгүйгээр төсөөлөх аргагүй шүү дээ. Тэгэхээр сэтгүүлч гэж яг ямар хүнийг хэлээд байна, яг ямар байх ёстой юм бол?
  • Сэтгүүлчийг би нэг удаа бичихдээ “СЭТГҮҮЛЧ ХҮН ГЭДЭГ БОЛ ХАЧИН ХҮНИЙГ ХЭЛНЭ” гэж бичсэн юм. Одоо тэр яваад л байдаг юм. Тэр чинь ямар учиртай вэ? гэхээр хүнээс үгээ харамладаг, цагаа харамладаг, өөрийнхөө болон хүний нэр төрийг харамладаг. Хамгийн гол нь ХАЧИН ХҮН гэдэг чинь хүний нэр төрийг, сэтгүүлч хүн гэдэг чинь хүний нэр төрийг л хүнээс нь харамлаж явдаг байхгүй юу. Ингэж байж л тэр Сэтгүүл зүйн чинь нэр хүнд өндөр байгаа юм. Гэхдээ харамладаггүй юм ч бий. Өөрийнхөө сэтгэлийг харамладаггүй, нүд, чихээ харамладаггүй, өөрийнхөө бодол санааг харамладаггүй ийм л хүн байдаг гэж боддог юм. Гэхдээ Сэтгүүлч хүнд нэг, хоёр юм бий. Нэгдүгээрт,

Сэтгүүлч нээрээ үнэхээр мөн юм бол үхэн үхтлээ сэтгүүлч л байна. Ажлаа салгачихдаггүй байхгүй юу. Өөрөө ажлаас гараад явсан байхад сайн дурынхаа сэтгүүлчийг хийгээд л, нийтлэдэг газраа нийтлээд л, ярьдаг газраа яриад л явж байдаг. Нөгөө нэг асуудал нь юу вэ? гэхээр “ДЭЛХИЙН БҮХ СЭТГҮҮЛЧИД НЭГ Л ХУУЛЬТАЙ”. Энэ нь “ҮНЭН”. Үнэнийг л мэдэх ёстой, үнэнийг мэдээллэх ёстой. Үнэнийг мэдэх гэсэн олон түмэнд туслах ёстой. Энэ бол ерөөсөө л бүх дэлхийн сэтгүүлчдийн үндсэн хууль нь энэ юм. Тийм учраас манайхан сүүлийн үед бас нэг залуу хүүхдүүд нь гараад ярьж байхаар нь би дотроо багш нь хэлээд өгөхгүй яасан юм бол оо гэж бодох болсон. Энэ юу вэ? гэхээр “Сэтгүүлч хардах эрхтэй гэж яриад байдаг байхгүй юу. Хардах эрх гэж бол байхгүй. Сэтгүүлч бол таамаг дэвшүүлэх үүрэгтэй. Асуудал дэвшүүлэх үүрэгтэй, таамаглал дэвшүүлэх үүрэгтэй болохоос хардах эрх байхгүй. Хий хоосон хардаад дараа нь тэрнийгээ үнэн юм шиг болгож хэвлэл мэдээллээр зарлаад, тэрнээсээ болоод зарганд ороод, тэгээд сүүлдээ хуулиар цээрлэл хүлээх юм болдог. Нэг ёсондоо худлаа юм хэлсэн бол хүлээж л таараа шүү дээ. Тийм учраас асуудал дэвшүүлэх үүрэгтэй. Магадлал гаргаж ирэх үүрэгтэй. Харин “ХАРДАХ ГЭДГИЙГ БИ ХУВЬДАА ЭНЭ Ч МУУ СЭТГҮҮЛЧИЙН АМНААС Л ГАРАХ ҮГ ДЭЭ” гэж боддог юм.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН