Нүүр хуудасЯрилцлагаMADE IN CHINA бол манай өрсөлдөгч

MADE IN CHINA бол манай өрсөлдөгч

Үйл ажиллагаагаа эхлүүлээд зургаан сарыг үдсэн ч олон нийтийн сүлжээгээр хэрэглэгчдийн анхаарлыг татаад буй залуучуудын гангараа хэдийнээ болсон Үндэсний үйлдвэрлэгч “Борголжин” брэндийг үүсгэн байгуулагч Б.Батчимэг болон Э.Сарантуяа нартай ярилцсан ярилцлагаа хүргэхдээ таатай байна.

-Борголжин брэндийн ард ийм залуу бүсгүйчүүд байдаг гэдгийг мэдсэнгүй ээ. Та бүхэн өөрсдийгөө манай уншигч нарт танилцуулна уу?

-Бид хоёрын хувьд Монгол Улсын Их Сургуулийн, Хэл шинжлэлийн ангийг 2013 онд төгссөн, нэг ангийн найзууд. Хэдий өөр мэргэжилтэй ч Хувцас загварын салбар луу орж өөрсдийн өвөрмөц өнгө аястай, өдөр тутамдаа хэрэглэж болохуйц хувцас үйлдвэрлэж эхлээд зургаан сар орчим болж байна.

Б.Батчимэг болон Э.Сарантуяа

Танай брэндийн хувцас энгийн хэрнэ Монголын уламжлалт өнгө аясыг шингээсэн гэдгээрээ их онцлог яагаад Борголжин брэндийг гаргахаар болов?  

Өдөр тутамдаа өмсдөг европ загварын хувцсанд үндэсний хэв маяг, хээ угалзыг шингээж өгснөөрөө бусад төрлийн брэндээс ялгарч болохыг ойлгосон.

Ингэснээр өнөөдрийн Борголжин брэнд хэрэглэгчдийн гар дээр хүрч байна. Тухайлбал 2017 оны 6 сараас эхлэн уг брэндээ гаргахаар зах зээлийн судалгаагаа хийж эхэлсэн. Хэрэглэгчид ямар загварын, ямар өнгө аястай мөн ямар өртөгтэй бүтээгдэхүүн худалдан авахыг зорьж байна гэдгийг судлах нь хамгийн чухал. Ингээд үйл ажиллагаа маань 2017 он 9 сар эхлэн бүтээгдэхүүнүүд маань худалдаанд гарсан.

 

-“Борголжин” гэдэг нэрийг өгөх болсон шалтгаан тань? Их өвөрмөц, мартагдахааргүй нэр байна.

-Анх өөр нэрээр гарч байгаад Борголжин гэсэн нэрээр сольсон. Борголжин гэдэг нь монгол өнгө аястай нэршил гэж үзэн энэхүү нэрээ сонгосон. Мөн үгийн гарлыг сийрүүлээд үзвэл “Жирэвгэр сахал” гэж тайлбарлагддаг юм байна лээ. /Инээв/

– Үйл ажиллагаагаа эхлүүлээд нэгэнтээ хагас жилийг үдэж, та бүхэнд хүндрэлтэй тал тулгарч байв уу?

Аливаа ажлыг эхлүүлж буй хүн бүрТ л ямар нэг байдлаар хүндрэл тулгардаг. Бидний хувьд материал сонголт дээр ихээхэн асуудалтай.  Хэрвээ материалаа Монголдоо үйлдвэрлэдэг бол сонголтоос авахуулаад үнийн хувьд ч боломжтой байх байсан. Борголжин брэнд материалыг маш чухалчилдаг. Материал сайн бол эдэлгээ, чанар сайн хэрэглэгчид ч байнга үйлчлүүлнэ. Өөр нэг хүндрэл бол MADE IN CHINA,  гадаадаас орж ирж буй бараа таваарын үнийг нэмбэл бас үндэсний үйлдвэрлэгч нарын нэг асуудал хөнгөрнө гэж үздэг. Монгол үйлдвэрлэгч нар  бүгд нэгдэж хятадын зах зээлийг шахах хэрэгтэй. MADE IN CHINA бол бидний өрсөлдөгч.  Мөн нэг томоохон их дэлгүүрт дан монгол үндэсний брэндийн бараа бүтээгдэхүүн худалдаалдаг бол сайхан сан. Аялал жуулчлалаар ирж буй аялагч нарт ч үзэх юм нэгээр нэмэгдэнэ шүү дээ.

-Та хоёрын хувьд өөр салбарын хүмүүс харин загвар, дизайнаа хэрхэн гаргадаг чинь их сонирхолтой санагдаж байна?

 Бид хоёр ярилцаж байгаад  өөрсдөө л загварын чиг хандлагаа тодорхойлдог. Ихэвчлэн материалаа харж байгаад загвараа гаргадаг гэх үү дээ. Эхлээд загвараа гаргаад материалаа сонгохоор, материалд баригдах гээд байдаг муу талтай. Тухайн загварт таарах материал нь олдохгүй байх жишээний.

-Борголжингийн хаврын коллекцийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

Борголжин брэндийн хаврын коллекцийн Пальто гаргахыг зорьсон. Мөн үйлдвэрлэж буй бүх хувцас дээрээ Монголын өнгө аясыг шингээсэн эрт дээр үед хэрэглэгдэж байсан эд зүйлсийг зураг хэлбэрээр нааж, хүмүүст эртний эд эдлэлийг таниулахыг эрмэлзэж байна. Нэг үгээр бол манай хувцасыг өмсөж хэрэглэхээс гадна мэдлэг өгнө гэдгээрээ онцлог.

-Танай брэндийн цамцан дээр гарсан монголжин зургуудыг хэн нь санаачилсан бэ?

Сүүлийн үед зурагууд оюуны өмчөөр хамгаалалттай болсон. Тиймээс ямарваа нэг зургийг хуулахгүйгээр өөрсдөө,  тусгайлан зуруулсан. Тухайн зургуудыг ярихад зураачдаа ч орхиж болохгүй. Шинээр төрөн гарч буй мэдрэмжтэй мундаг зураачид их болжээ. Ийм хүмүүсийг бас давхар дэмжиж хамтарч ажиллана аа.

-Та нарын бодлоор зөв хандлага гэж юуг хэлэх вэ?

– Аливаа ажлыг эхлүүлээд тууштай байх хамгийн чухал зөв хандлага.  Ажлыг маргааш, маргааш гэж хойш тавилгүйгээр яг тухайн цагтаа гүйцэтгэж байгаарай. Цаг хугацаа биднийг хүлээхгүй шүү дээ. Нэг л мэдэхэд бидний хөдөлмөрлөх цаг дуусчихна. Бас ямар нэгэн зүйлийг зөв талаас нь, хүний сайн талыг түрүүлж хараасай гэж хүсэж байна. Бүх зүйлийн сайныг харсанаар та ч бас өөрөө зөв хандлагатай болно гэсэн үг.

– Хамгийн ойрын зорилт тань?

Ойрын хугацаанд зорьж байгаа хамгийн том зорилго маань үйл ажиллагаагаа өргөжүүлэн бүр олон хүмүүсийг ажлын байраар хангахыг зорьж байна. Тэгээд гадаадад байгаа монголчуудынхаа хүслээр гадаадын зах зээлрүү хувцсаа гаргана.

Бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөлөө. Цаашдын зорилгод тань амжилт хүсье, ярилцсанд баярлалаа

Сэтгүүлч: Цэлмэгтэнгэр

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН