14.1 C
Ulaanbaatar
Дав, 02 8 сар 2021 12:30:26
Нүүр хуудасЯрилцлагаАлс холын Африкийн оронд “Монгол залуу” шүдний эмчээр ажиллаж байна

Алс холын Африкийн оронд “Монгол залуу” шүдний эмчээр ажиллаж байна

“Манд.мн” сайтын хамт олон эрхэм уншигч, үзэгч та бүхэндээ нийгмийнхээ, энэ цаг үеийнхээ түүчээ болсон үлгэр жишээ залуусаа дэлхийн өнцөг булан бүрээс танилцуулж, амьдрал намтрыг нь бичмэл болон дүрсжүүлсэн хэлбэрээр ярилцлага, нэвтрүүлэг бэлтгэн хүргэж эхлээд байна. Энэ удаад Африкийн Малави улсад шүдний эмчээр ажиллаж амьдарч буй залуухан Доктор Г.Болдбаярыг танилцуулж байна.

Танд энэ өдрийн мэнд хүргэе. Эх оронд минь нар хур тэгширсэн сайхан зун болж байна. Хэдий цаг үе хүнд байгаа ч уламжлалт баяр наадмын өдрүүд эхэлж байгаа энэ цаг үед таныг үзэгч уншигч олонтойгоо танилцуулах гэж холбогдлоо.

  • Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Монголын минь нийт ард түмэн ахан дүүс минь эрүүл саруул байж, эрсдэл багатай энэ цаг үеийг давах болтугай. Намайг Ганболдын Болдбаяр гэдэг. Олон хүнтэй танай “Манд.мн” хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан танилцах болсондоо баяртай байна. Мөн намайг таньдаг мэддэг хайртай бүхэндээ мэндчилье.

Хоёулаа ярилцлагаа таны товч намтараар үргэлжлүүлвэл ямар вэ?

  • За тэгье, баярлалаа. Би 1989.02.03-нд Улаанбаатар хотод төрсөн. 2009~2014: АШУҮИС, НҮҮР АМ СУДЛАЛЫН СУРГУУЛЬ, Бакалавр
  • 2014~2017: Сөүлийн үндэсний их сургууль, Мастер
  • 2017~2020: Сөүлийн үндэсний их сургууль, Докторын зэрэг хамгаалсан.

Монгол залуу Африк тивд шүдний эмч хийж байгааг дуулаад танилцаж ярилцлага авах гэж их яарлаа.

  • Харин тийм, эмээ шүдний эмч байсан, ээж бас эмч байсан учраас эмчийн мэргэжил ойрхон санагддаг гэх юм уу даа. Үргэлж харж үлгэр авч өссөн учраас л энэ мэргэжлээ эргэж буцалгүй сонирхож суралцсан байх.

Шүдний эмч болох нь яг хэзээний мөрөөдөл зорилго нь байв?

  • Ахлах ангидаа л юм даа. Хүүхдүүд чинь би тийм хүн болно чи ямар мэргэжилтэй хүн болох вэ? гээд л ахлах ангидаа их ярьдаг мөрөөддөг шүү дээ, тэр үедээ л шүдний эмч болохоор шийдсэн байсан.

Гадны сургуульд суралцахад өөрийгөө хэрхэн бэлдсэн бэ? Олон хүүхдүүдтэй мөр зэрэгцэн суралцах хамтрах өрсөлдөх нь хослодог байх. Ер нь өдрийн хэдэн цагийг сурах, ажиллахад зарцуулдаг байсан бэ?

  • Англи, Солонгос хэлийг голчлон бэлдсэн. Мастер, докторын сургалтанд бол бие дааж хичээлээ хийдэг учраас өрсөлдөгч байхгүй гэх юм уу, өөрөө өөртэйгөө л өрсөлддөг байлаа даа. Хэр хурдан төгсөх нь надаас л шалтгаалах учраас цаг хугацаатай уралдаж, өрсөлддөг байсан юм байна гэвэл илүү зөв байх. Хичээл их үед өдөржин хичээлээ хийнэ унтах цагаас бусад бүх үед. Долоо хоногтоо бас цагийн ажил хийдэг байсан.

Хүнд хэцүүг давах хүч өөрт байдаг гэдэг дээ үүнд сэтгэл зүйгээ бэлдэх нь л зөв юм болов уу?

  • Үнэндээ гадаадад сургууль төгсөнө гэдэг маш хэцүү хол санагддаг байсан юм. Урьд нь төгссөн хүмүүсийг бодож тэд чадсан юм чинь би яагаад чадахгүй гэж бодож санаа амардаг байсан шүү.

Африкийн Малави улсад ажиллаж байгаа юм байна. Хэр удах вэ?  

  • Ямар ч байсан нэг жил болно. Таньдаг Солонгос эмч маань энд байдаг юм. Тэгээд бас их боломж гэж ойлгож хичээж ажиллаж бас суралцаж байна.

Дотоодын эрүүл мэндийн салбарын байдлыг гадны улсад ажиллаж байгаа хүний нүдээр хэрхэн дүгнэж байна.

  • Эмч, боловсон хүчнүүд гадаадад ихээр туршлага солилцсоноор чанар сайжирч байгаа. Монгол дахь эмч нарын холбоо илүү эрх мэдэлтэй болж хөгжих хэрэгтэй л гэж боддог юм.

Шүдний өвчлөл бүх насанд байгаагийн суурь нь эрүүл мэндийн боловсролд уу, системд үү эсвэл бизнес болсон уу?

  • Боловсрол ихээр нөлөөлнө. Хүмүүс урьдчилан сэргийлэх болон тогтмол үзлэгт хамрагдах ёстой гэдгээ ухамсарлах хэрэгтэй байгаа юм. Одоо ч нэг үеэ бодоход хүмүүс их анхаардаг болсон цаашид жил ирэх бүр сайжирна гэсэн л итгэлтэй явдаг даа.

Ирээдүйн зорилго нь юу байдаг бол. Олон залуу гадагшаа явах зорилготой тэдэнд өгөх зөвлөгөө, залуу хүний хувьд санаа зовж явдаг зүйлээсээ дурьдвал.

  • Хэлтэй бол хөлтэй шүү л гэж хэлмээр байна.

Эх орондоо ирээд хийх ажлын төлөвлөгөө юу билээ?

  • Мэдээж мэргэжлээрээ ажиллана. Олон эмч нарыг сургадаг сургалтанд төвлөрсөн клиникийн эмч болно гэж боддог.

Нийгэмд шүүмжлэх зүйлс хэр байдаг вэ?

  • Түгжрэлийг бууруулж чадахгүй юмаа гэхэд ихэсгэхгүй байх боломж байдаг. Нийтийн эзэмшлийн газарт барилгын зөвшөөрөл өгөхөө болиход л болно. Тетрис тоглохоо болиод ногоон байгууламж байгуулах хэрэгтэй биз дээ /инээв/.

Тэр ч тийм шүү, улс орноо хөгжүүлэхэд таны бодлоор юуг анхаарвал зүгээр санагддаг вэ залуу хүний хувьд, шинжлэх ухаан, спорт, эрүүл мэндийг хөгжүүлэх нь яагаад чухал вэ? гэдгийг өөрийн бодлоор тайлбарлавал…

  • Нарийн мэргэжлийн хүмүүсийг мэргэжлийн хүмүүс өөрсдөө удирдах нь чухал. Эмч нарын холбоо зэрэг нь эрүүл мэндийн яам, боловсролын яамны шийдвэрт саналаа оруулж, дүгнэлт хийдэг, шүүмжилдэг байх нь сайн шийдвэрүүдийг гаргах боломж юм. Эмч нар хангалуун амьдрах ёстой. Тэгж байж өөр зүйлд сатаарахгүй бүхнээ зориулж ажиллах боломжтой. Энэ нь бусад салбаруудад ч адилхан юм уу даа. Гэхдээ аль алиныг нь орхигдуулахгүй авч явах хэрэгтэй л гэж бодож байна даа.

За дараагийн удаа илүү сайхан яриа өрнүүлнэ ээ, Африкаас удахгүй Монголдоо ч ирэх байх. Бүх зүйлд нь амжилт хүсье.

  • За та бүхэнд их баярлалаа. Монголчууддаа, намайг таньдаг хүмүүстээ баяр наадмын мэнд хүргэе.

Цахим хаяг: Bold Mon

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН