2.1 C
Ulaanbaatar
Лха, 27 10 сар 2021 11:58:53
Нүүр хуудасБусадАНУ-д ажиллах эрхтэй H2А ба H2В төрлийн визний тухай

АНУ-д ажиллах эрхтэй H2А ба H2В төрлийн визний тухай

Монгол залуус гадаад оронд хууль бусаар биш харин албан ёсоор ажил хөдөлмөр эрхэлж “мөнгө хийхээр” Япон Солонгос 2 улсыг ихэвчлэн зорьдог байсан бол, одоо АНУ нэмэгдэж байна. Энэ ч уул нь сайн л хэдий ч анхаарах зүйл бас бий.

АНУ-ын ЗГ-аас ажиллах хүчний дутагдалд орсон ХАА-н салбар болон оргил ачааллын үед ажиллах хүч дутагддаг салбаруудад гадаадаас ажиллах хүчин “түр импортлох”ыг зөвшөөрдөг байна. Уг гадаадаас ирэх ажиллах хүчинд 3 – 12 сарын хугацаатай, 3 удаа сунгах боломжтой, албан ёсоор ажиллаж амьдрах эрх бүхий виза олгодог. Гэхдээ, энэ нь АНУ-ын үндсэн иргэдийн тогтмол ажлын байрыг булаах учиргүй гэнэ.
Ажиллах хүч импортлож болох 82 орны тоонд Монгол улс хэд хоногийн өмнө нэмэгдэн орсон юм. Бидний хувьд шинэ боломж, харин бусад 82 орны хувьд бол энэ нь ердийн зүйл ажээ.

Гаднаас авах ажиллах хүчний тоог жил бүрийн 10 сарын 1-нээр тасалбар болгон квот тогтоодог бөгөөд 2018 оны хувьд нийт 66,000 гэж тогтжээ. Жилийн эхний хагаст виза авах 33,000 ажилчин хэдийн тодорхой болсон бол, үлдсэн 33,000 хүний нэрс энэ жилийн 2 дахь хагаст тодорхой болно. Учир нь албан ёсоор ажиллах виза авах үйл явц нэлээд удаан буюу 6-7 сар, заримдаа жил шахам үргэлжилдэг байна. Манай улсын хувьд ийм төрлийн виза олгох шугам 3 сарын 1-нээс эхлэн нээгдсэн. Өмнө нь Монгол улсын иргэдэд олгодог байсан “цагаачлалын” ба “цагаачлалын бус” гэсэн 2 төрлийн виза дээр шинээр нэмэгдсэн “ажиллах виз” нь дотроо 2 төрөлтэй.

Улирлын чанартай буюу аялал жуулчлал, загас агнуур, хүнс, худалдаа зэрэг салбаруудад түр хугацаанд ажиллах хүч хэрэгтэй ба үүнд гадаадийн иргэд ч байж болно. Ийм зорилгоор виза хүсэж болох бөгөөд тэдгээрийг “ХАА-н бус түр ажилчин” буюу Н-2В ангиллын виза гэнэ. Визний хугацаа нь 3 сараас дээш 1 жил хүртэл байх боломжтой ч, улирлын чанартай буюу түр ажлын байранд очиж байгаа тул 12 сараас хол хэтрэхгүй бизээ. Бургер хийх, пицца зөөх, бараа хүргэлт зэрэг аар саархан ажил хийнэ.

Ажиллах хүчний дутагдалтай ХАА салбарт ажиллах бол ХАА-н түр ажилчин буюу “Н-2А” гэх виза олгоно. Ийм ангиллийн виза хүсэх хүний тоо ба өргөдөл гаргах хугацааг хязгаарладаггүй байна. Энэ нь нь хэд л бол хэдэн хүн, хэзээ ч хамаагүй материалаа өгч болно гэсэн үг. Виза нь гарвал тэнд очоод Америк хүмүүсийн хийх дургүй хар бор ажлыг хийнэ. Жимс ногооны талбайгаас эхлээд үхэр тахиа гахайн ферм, мах нядалгаа зэрэг газарт ажиллана. Визаны хугацаа арай урт буюу 1 жил хүртэл байна. ХАА-н түр ажилчны визаны өргөдлийг ажилд зуучлагч хуулийн фирм талаас танийг төлөөлөн гаргана.

Ажиллах визаны 1 давуу тал нь тухайн виза авсан ажилчин хүсвэл гэр бүлээ (эхнэр/нөхөр ба 21-с доош насны хүүхдүүд) хамт аваачих боломжтой. АНУ-д албан ёсоор ажиллагчийн гэр бүлийн гишүүдэд Н-4 ангиллын виза олгох боловч, тэд албан ёсоор ажиллах эрхгүй байдаг. Гадаад ажилчинд насны хязгаар тавихгүй. Эрүүл мэндийн үзлэгт орох ёстой эсэх нь одоогоор тодорхойгүй. Гэхдээ мэдээж сүръеэ, гепатит зэрэг өвчний халдвартай хүн авахгүй байхоо..
Мөн Англи хэлтэй байх шаардлага тавихгүй гэсэн байна.
Зардал ба цалин хөлс: Ажлын хүнд хөнгөн ба ажиллах цагаас хамаарна. Дунджаар цагт 10-14 долларын үнэлгээтэй байдаг. Сардаа 2,000-3,500 долларын цалин авна. Цалин хөлсний хэмжээнээс хамаарч зарим ажил олгогчид орон байраар хангадаг, зарим нь бол үгүй.

Хэрхэн материалаа өгөх вэ?
Юуны өмнө, энэ бол дор хаяж 5-талт харилцаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүнд АНУ дахь ажил олгогч, АНУ дахь Зуучлагч, АНУ дахь Хөдөлмөрийн бирж, Монгол дахь Зуучлагч, Монгол дахь Ажилчин тус тус дараах байдлаар оролцоно.
АНУ дахь ажил олгогч нь ажиллах хүчин дутагдалтай байгаа талаар батламж Хөдөлмөрийн яамнаасаа авсан байх. Хэдийд хичнээн тооны хүн хүч хэрэгтэй талаар Зуучлагч байгууллагад захиалга өгнө. Зуучлагч байгууллага нь Хөдөлмөрийн бирж дээр ажиллаж захиалгын дагуу шаардлага хангасан гадаад иргэдийг судалж тухайн орны зуучлагчтай харилцана. Монгол дахь зуучлагч нь ажилчинтай холбогдож шаардлагатай мэдээллийг бүрдүүлж хүргүүлнэ. АНУ дахь ажил олгогч нь зуучлагчтай хамт сонгогдсон ажилчны өмнөөс ажиллах визаны материалыг бүрдүүлж ЭСЯ-ндаа илгээнэ. Иймэрхүү маягтай үйл явц болно.

Харин ажиллах виза олгох эсэхийг УБ дахь ЭСЯ дангаараа шийднэ. Тэд, виза хүсэгч иргэн нь АНУ дахь гэрээт ажлын хугацаа дуусахад “эх орондоо эргэж ирэх” ямар баталгаа байгааг ихэд сонирхоно. Хэрэв хангалттай баталгаа байна гэж үзэхгүй бол, виза олгохгүй байж болдог. Үүнд АНУ дахь ажил олгогч, зуучлагч, монгол талын зуучлагч хэн байх нь төдийлөн нөлөө үзүүлэхгүй.

АНУ-ын ЭСЯ-наас виза олгохдоо дараах зүйлсийг анхааран үздэг байна. Үүнд: Гэр бүлийн байдал, Эрхэлдэг ажил ба нийгэмд эзлэх байр суурь, Эд хөрөнгийн байдал зэргийг харгалзан үздэг байна. Виза хариуцсан ажилтны шийдвэр нь эцсийн дүндээ “виза хүсэгч нь эх орондоо эргэж ирнэ” гэсэн итгэл үнэмшил төрөв / эс төрөв гэх дүгнэлтийн аль нэгэнд хүрэх ба энэ нь виза олгоно / олгохгүй гэсэн хариулт болдог.

Монгол дахь зуучлагчийн үйл ажиллагаа: Мэдээлэлээр хангана. Шаардлагатай материал бүрдүүлэхэд туслана. АНУ дахь Хөдөлмөрийн бирж дээр ажилчны мэдээллийг байршуулж АНУ-н компаниуудтай холбоо тогтооно. АНУ дахь Зуучлагч байгууллагатай идэвхитэй хамтран ажиллана. Визаны ярилцлагад бэлдэнэ гэх мэт.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН