Нүүр хуудасНийтлэлАн амьтдын эд эрхтнийг авах биш хайрлан хамгаалж, өсгөн үржүүлж байгаль дэлхийгээ...

Ан амьтдын эд эрхтнийг авах биш хайрлан хамгаалж, өсгөн үржүүлж байгаль дэлхийгээ хамгаалъя

Биднийг хүүхэд байхад ханиад хүрч халуурахад эмээгийн, ээжийн өлөнг их уулгадаг байсан. Ийм явдал олон ч хүнд тохиолдож байсан болов уу. Ухаан нь ээжийнхээ өлөнг уувал халуурахаа болино, өвчин арилна гэж байгаа юм. Харин одоо бол энэ нь ямар шинжлэх ухаан ч бус байсны илрэл байсан юм шиг. Тэр үед бидний ах эгч нар итгэл үнэмшилдээ итгэн дархлаа дэмжих чадвартай гэж үздэг байсан байх. Харин шинжлэх ухааны үүднээс нь харвал хүний элэг, бөөрийг өвчлүүлэх эрсдэлтэй байдаг. Шээс гэдэг өөрөө хүний биеэс ялгарч буй хэрэггүй зүйл. 

Үүнтэй адил Монголчууд тарваганы махыг идэж, тарвага агнах нь элбэг. Ер нь л ямар нэгэн амьтныг агнаж халуун цусыг нь уух, махыг нь залгих гээд зэрлэг балмад гэмээр үйлдэл байсаар иржээ. 

Нэг асуулт байна. Чухам хэзээнээс эхлээд Монголчууд мал, амьтны эд эрхтэнг эмчилгээнд хэрэглэдэг болчихов оо? 

Монголчууд амьтны эд эрхтэнг эмчилгээний зорилгоор хэрэглэж ирсэн. Бугын цусан эвэр, зэрлэг гахайн өөх, тарваганы мах зэргийг идэхэд биед сайн гэж ам дамжин яриагаар л. Сүүлийн жилүүдэд бяр тэнхээгээ шалгах эрчүүд хуулийн дагуу болон хууль бус аргаар ан амьтныг хамаа замбараагүй агнаж ховордуулахад ч хүргэж байх жишээний.

Монгол улсын хувьд одоогийн байдлаар мазаалай баавгай, хавтгай тэмээ, тахь адуу, буган цаа, цоохор ирвэс, баданга хүдэр, молцог хандгай, татаар бөхөн, голын халиу, азийн минж, ойн унтаахай, зүүн гарын даахай, борцгор хотон, хургач бор, цагаан тогоруу, хар мөрний хилим, шаргал үхэрдэй, цөөвөр чоно, шивэр молцог хандгай, дорнын молцог хандгай, соргог бөхөн, монгол бөхөн, алтайн чацуулин, гозоорой зурам, сухайн чичүүл, давжаа алаг даага, цагаан толгойт ямаансүүл, могойч загалай, бор бүргэд, усны нөмрөг бүргэд, реликт цахлай гэх эдгээр амьтдыг Монгол улсын Амьтны тухай хулиар ховор амьтдын төрөлд оруулж агнахыг хуулиар хориглосон байдаг. Анхандаа Монгол улсын нутаг дэвсгэрт айх айдасгүй амар тайван амьдардаг байсан эдгээр амьтад байгалийн хүчин зүйл, хүний буруутай үйлдлээс болж ховордсоор. 

Гэхдээ “Амьтны тухай” хуультай болж хуулиа чангалснаар ан амьтдын тоо толгойг тогтоон барих, өсөж үржих боломжийг нэмэгдүүлж өгсөн гэж болно. Харин анхаарахгүй өнгөрөөвөөс энэ ангилалд нэмэгдэх хамгийн их магадлалтай амьтан бол тарвага юм. 

Тарвага бол хүнд ч ээлтэй, байгальд ч ээлтэй чухал амьтан. Байгалийн эко тэнцвэрийг хадгалдаг, араатан амьтдын идэш болдог нь хөдөө малчдын хот руу зэрлэг амьтан дайрахаас сэргийлдэг гэж энгийнээр хар ухаанаар ойлгож болмоор. Хүмүүс ч эд эрхтэн нь сайн гээд агнадаг, зүгээр ч үгүй арьсыг нь хуулаад авчихна. Монгол тарваганы тархац, байршил, нягт байдлаас хамаарч бусад олон зүйл төрлийн амьтдын тархац, байршил, ургамлын зүйлийн бүрдэл, хөрсний бүтэц хүртэл тэнцвэртэй байх боломж бүрддэг онцлогтой. Олон жил дараалан хайр гамгүй, тооцоо судалгаагүйгээр агнасан болон байгаль цаг уурын тааламжгүй хүчин зүйлээс үүдэн, ихэнх нутагт тарваганы хэвийн үржил, нөхөн төлжилт, бүлийн зөв бүтэц алдагдаж, тархац нутаг хумигдаж, тоо толгой, нөөц эрс багассан байдаг. 

Тарваганы зүрх зүрхэнд сайн гээд түүхий, халуунаар нь залгих хүмүүс ч бий. Үүнээс болж тарваган тахал өвчин тусах магадлалтай гэдгийг мэргэжлийн байгууллага нь сануулсаар байхад л мал амьтны махыг, цусыг түүхийгээр идэж уусаар байдаг. 

Монголчуудын итгэл үнэмшлээс үүдэлтэйгээр олон амьтан хорогдож, тоо толгой нь багасаж байна. Өөр нэгэн жишээ авбал, Мазаалай баавгайн тоо толгой бусад төрлийн баавгай шигээ тийм ч их биш, устахад ойрхон төрөл зүйлийн хөхтөн амьтан. Харин төр засгаас мазаалай баавгай тархсан бүс нутгийн иргэдэд тэднийг хамгаалахыг даатгаж иргэн бүрийг байгаль хамгаалагч болгосон явдал нь хулгайн анг багасгах, баавгайн тоо толгойг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулсан болов уу. Нөгөө талаас ан амьтнаа хайрлах, байгаль орчноо хамгаалах чинхүү сэтгэлтэй байгаль хамгаалагчид эх орны дөрвөн зүг найман зовхист өдөр шөнөгүй үүргээ гүйцэтгэж байдаг юм. Тэдний сэтгэл, хөдөлмөр зүтгэлийн үрээр 2023 оны судалгаагаар усны эх үүсвэр ч давхар хамгаалагдаж мазаалай баавгайн тоо 20 байснаас 31 болж, сүүлийн үеийн мэдээллээр 50 болсон гэдэг сайхан мэдээ бий. 

Яг үүнтэй ижил сүүлийн үед цөөрөөд байсан тарвагыг хамгаалж эхэлснээр тарвага урьдынх шигээ олуулаа болж байгаа мэдээ ч гарч байна. 

Орчин үеийн техник, технологи хөгжсөн энэ цаг үед олон төрлийн өвчний эмчилгээний бэлдмэл, эм тариа эрчээ авч сайн чанартай эмүүд ч олон байна. Адаглаад хүн эрүүл хооллоод эхлэхэд хүний биед гарах эерэг өөрчлөлт их гэдгийг ойлгох хэрэгтэй. Тийм атал эрүүл биеийн төлөө гэж амьтан хороож, гоёж гангалах хэрэгцээгээ урдаа тавьж амьд амьтны арьсыг хуулж, зугаа цэнгэлийн золиос болгож элдэж хөөх хэрэг юунд байна вэ? Бид ан амьтдын эд эрхтнээр биеэ эмчлэхгүй. Монгол улсдаа ховордсон, нэн шаардлагатай хамгаалах хэрэгтэй амьтдаа хамгаалснаар ирээдүй, үр хойчдоо үлдээх зүйл маань нэгээр нэмэгдэж, байгалиа онгон дагшнаар нь үлдээх нэг боломж юм. Энэ дэлхий дээр зөвхөн хүн амьдардаггүй гэдгийг санаж ан амьтдаа хайрлан хамгаалъя. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН