Нүүр хуудасМэдээАТГ: Монгол-Латвийн хуулийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагаанд ахиц гарав

АТГ: Монгол-Латвийн хуулийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагаанд ахиц гарав

Авлигатай тэмцэх газраас нийтийн албан тушаалтны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгох, хахууль авах гэмт хэрэгт санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад тухайн албан тушаалтан нь гадаад улсад хахууль авахдаа оффшор бүсэд компани байгуулан, тухайн компанийн нэр дээр арилжааны банканд данс нээж их хэмжээний мөнгө хадгалж байсныг баримтжуулан шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлсэн байна.

Энэ хэргийг шалгаж шийдвэрлүүлэх явцад Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцид заасан авлига, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, хууль сахиулах байгууллага хооронд гадаад хамтын ажиллагаа явуулах зэрэг зүйл, заалтыг үндэслэн, Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх товчоо, Дотоод хэргийн яамны Эрүүгийн цагдаагийн газартай олон удаагийн цахим болон нүүр тулсан уулзалт хийсэн юм. Ийнхүү идэвхтэй хамтран ажилласны үр дүнд холбогдох баримт бичгийг гаргуулан авч, шүүхэд нотлох баримтаар үнэлүүлэхээс гадна шилжилт хөдөлгөөн хийгдэхээс сэргийлж, гадаад улсын шүүхээр арилжааны банкан дахь дансыг битүүмжлэх шийдвэр гаргуулан ажиллалаа.

Гадаад улсад олж илрүүлсэн хөрөнгийг тухайн улс гэмт хэргийн орлого хэмээн үзэж, гэмт хэргийг үйлдсэн этгээд байхгүй гэдэг үндэслэлээр (Non-conviction based confiscation) дээрх их хэмжээний мөнгө Монгол Улсад буцаагдахгүй болох эрсдэл үүссэн бөгөөд АТГ-ын мөрдөгчид тасралтгүй үргэлжилсэн 8 цагийн хэлэлцээр хийснээр дээрх эрсдэлийг таслан зогсоож харилцан ойлголцсон байна. Үүний дагуу хамтран ажиллах, гэмт хэргийн орлогыг хуваах олон улсын гэрээ, конвенцийг хэрэгжүүлэн ажиллахаар болжээ.

Уг авлигын хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэнтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газраас БНЛУ-ын Хууль зүйн яамтай холбогдон хамтран ажиллаж байгаа бөгөөд Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн 46 “эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх”, 54 “хөрөнгө хураах, эргүүлэн авчрах чиглэлээр олон улсын хамтын ажиллагааны зохицуулалт”, 55 дугаар зүйл “хураан авах чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа”, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 7.5 “Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар бүлэг “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагаа”, БНЛУ-ын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 790 “Гадаад улсын хөрөнгө хураах шийдвэрийг үнэлэх зарчмууд”, 791 “Латви Улсад хөрөнгө хураах асуудлыг шийдвэрлэх” зүйлүүдийг тус тус үндэслэн Монгол Улсын шүүхийн шийдвэрийг зохих журмын дагуу хүргүүлж, хүлээн зөвшөөрүүлэх (mutual recognition), Латви улсын арилжааны банкан дахь хууль бус орлогыг хураан авах, эргүүлэн авчрахаар ажиллаж байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН