Нүүр хуудасМэдээАТГ: Эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

АТГ: Эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 5 дугаар сарын 13-19-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 158 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 23 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 116 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 890 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгав. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 870 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар 4 мөрдөгчийн мэдэгдэл бичиж холбогдох байгууллагад хүргүүлсэн. Эрүүгийн болон хэрэг бүртгэлтийн хэрэгт нийт 8 объектод нэгжлэгийн ажиллагаа явууллаа.

Хотын стандарт хяналтын газрын албан тушаалтан “Т” нь хахууль авсан гэх, Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн удирдах албан тушаалтан “Ж” нь албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашигласан гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН