Стокгольмын олон улсын энх тайвны судалгааны хүрээлэнгээс (SIPRI) гаргасан шинэ тайлангаар 2025 онд дэлхийн цэрэг армийн нийт зарцуулалт 2.9 их наяд ам.долларт ($2887 тэрбум) хүрч, 11 дэх жилдээ үргэлжлэн өссөн үзүүлэлттэй гарлаа. Хэдийгээр АНУ-ын тусламжийн багц саатсанаас шалтгаалж дэлхийн дундаж өсөлт саарсан мэт харагдавч, Европ болон Азийн орнуудын зэвсэглэлээр хөөцөлдөх хурд сүүлийн жилүүдэд огцом нэмэгдээд байна. Энэхүү тоо баримт нь хүн төрөлхтөн хамтын аюулгүй байдлаас илүүтэйгээр “зэвсэгт тулгуурласан хамгаалалт” руу эргэлт буцалтгүй шилжсэнийг илтгэж байна.
Өнөөдөр дэлхий дахин хүйтэн дайнаас хойшхи хамгийн тогтворгүй цаг үедээ ирээд байна. Орос-Украины сунжирсан дайн, Ойрхи Дорнод дахь хурцадмал байдал болон Тайвань орчим дахь геополитикийн сөргөлдөөн нь улс орнууд төсвийнхөө үлэмж хэсгийг батлан хамгаалах салбарт зарцуулахаас өөр аргагүй байдалд хүргэв. Дэлхийн ДНБ-ий 2.5 хувьтай тэнцэх энэхүү асар их хөрөнгө нь 2009 оноос хойших хамгийн өндөр “цэргийн зардал” болж байгаа нь анхаарал татаж байгаа юм.
Европ тивийн цэргийн зардал 14 хувиар өсөж, 864 тэрбум ам.долларт хүрсэн нь тус бүс нутаг зэвсэгт мөргөлдөөний “халуун цэг” хэвээр байгааг баталлаа. НАТО-гийн гишүүн орнуудын 22 нь ДНБ-ийхээ 2 хувийг батлан хамгаалах салбарт зарцуулах амлалтаа биелүүлж эхэлсэн бөгөөд ХБНГУ сүүлийн 35 жилд анх удаа энэ босгыг давсан байна. Ялангуяа Орос улс төсвийнхөө 7.5 хувийг, харин Украин улс бүх зардлынхаа 40 хувийг зөвхөн дайны талбарт зориулж байгаа нь Европын аюулгүй байдлын архитектур бүхэлдээ өөрчлөгдсөнийг харуулж байна.
Ази, Номхон далайн бүс нутагт ч зэвсэглэлээр хөөцөлдөх өрсөлдөөн 2009 оноос хойших хамгийн эрчтэй өсөлтөө үзүүлж 8.1 хувьд хүрэв. Хятад улс 31 дэх жилдээ дараалан цэргийн зардлаа нэмэгдүүлж, 336 тэрбум ам.долларт хүргэсэн нь Япон, Тайвань зэрэг бүс нутгийн бусад тоглогчдыг ч зэвсэгт хүчнээ яаралтай шинэчлэхэд түлхэж байна. Үүний хажуугаар АНУ дотоод улс төрөөсөө шалтгаалж холбоотнууддаа дэмжлэг үзүүлэх эсэх нь тодорхойгүй болж эхэлсний улмаас Ази болон Европын орнууд “өөрийгөө хамгаалах” стратеги руу шилжихэд хүчтэй нөлөө үзүүллээ





