Нүүр хуудасМэдээАЮУЛГҮЙ БАЙДАЛ ИРГЭДИЙН ОРОЛЦОО: GPI 2026: Их хуваагдал дагасан шинэ эрсдэлүүд ба...

АЮУЛГҮЙ БАЙДАЛ ИРГЭДИЙН ОРОЛЦОО: GPI 2026: Их хуваагдал дагасан шинэ эрсдэлүүд ба Монгол

Эдийн засаг, энх тайвны хүрээлэнгээс (IEP) гаргадаг “Дэлхийн энх тайвны индекс 2026” (GPI) оны тайлан нийтлэгдлээ. Энэхүү тайлангаар дэлхийн энх тайван байдал 12 дахь жилдээ дарааллан ухарч, Дэлхийн II дайнаас хойшхи хамгийн олон зэвсэгт мөргөлдөөнтэй цаг үетэй нүүр тулаад байна. Энэ жилийн тайлан нь зөвхөн уламжлалт зэвсэгт мөргөлдөөнийг бус, харин “Их хуваагдал”-ын эрин үе, хиймэл оюун ухааны зэвсэглэл зэрэг цоо шинэ эрсдэлүүдийг онцолсноороо онцгой анхаарал татаж байна.

Өнөөдөр олон улсын харилцаа цөөн хэдэн их гүрний өрсөлдөөнөөс хальж, илүү ээдрээтэй, олон туйлт тогтолцоо руу шилжив. Сүүлийн 50 жилд ажиглагдаагүй геополитикийн томоохон шилжилт болох “Их хуваагдал” эрчимжихийн хэрээр дунд гүрнүүдийн нөлөө өсөж, дэлхий даяар худалдааны хязгаарлалт хэдхэн жилийн дотор гурав дахин нэмэгдсэн байна. Энэхүү эдийн засгийн хуваагдал нь түүхий эдийн үнэ, нийлүүлэлтийн сүлжээнд шууд цохилт болж байгаа бөгөөд олон улсын зах зээлээс гүн хамааралтай орнуудын хувьд эрсдэлийн түвшин Хүйтэн дайны үеийнхээс ч давжээ.

Түүнчлэн, дайн мөргөлдөөн зөвхөн тухайн бүс нутгаар хязгаарлагдахаа больж, мөнгө, зэвсэг, үзэл суртлын сүлжээгээр дамжин “кластер” болон хил дамнан тэлж байна. Бүрэн автоматжуулсан хиймэл оюун ухаант зэвсгийн системүүд ч нэвтэрсэн нь энгийн иргэдийн аюулгүй байдалд урьд өмнө байгаагүй сорилт учруулж эхэлжээ. Энэ бүхэн нь дэлхий дахин технологийн болон геополитикийн цоо шинэ, тааварлашгүй эрсдэлийн бүс рүү шилжсэнийг давхар харуулж байна.

Үндэсний аюулгүй байдлын үүднээс авч үзвэл, Монгол Улс эдгээр геополитикийн чичирхийллийн нөлөөг шууд болон шууд бусаар мэдэрсээр ирсэн. Хамгийн тод жишээ нь, АНУ-Ираны хурцадмал байдлын үеэр дэлхийн логистикийн зангилаа болох Ормузын хоолой хаагдахад, газрын тосны үнэ савлаж, манай дотоодын зах зээлд дизель түлшний үнэ огцом өсөх гол шалтгаан болж байв. Энэ мэтчилэн эдийн засаг, эрчим хүчний аюулгүй байдлын хувьд эмзэг байгаа нь Монгол Улсын хувьд дотоод нөөц бололцоогоо дайчилж, аливаа гаднын цохилтыг зөөлрүүлэх дархлаагаа бий болгох шаардлагатайг уг тайлан сануулж байна.

Манайх шиг жижиг, дунд орнууд эдийн засгийн хувьд аль нэг бүс нутгаас хэт хамааралтай байх нь хамгийн том сул тал болдог. Тиймээс эрсдэлийг бууруулах хамгийн оновчтой зам бол нийгмийн тогтолцоо, байгууллагуудынхаа дархлааг дотроос нь бэхжүүлэх буюу “Эерэг энх тайван”-ыг цогцлоох явдал гэдгийг тайланд дуржээ. Өөрөөр хэлбэл, геополитикийн шуурганд тэсвэртэй үлдэхийн тулд зөвхөн гадаад харилцаагаа солонгоруулаад зогсохгүй, дотоод засаглалаа сайжруулж, эдийн засгийн бие даасан байдлаа хангаж, хүнс, эрчим хүчний дотоод нөөц бололцоогоо баталгаажуулах нь цаг хугацааны шаардлага болоод байгааг 2026 оны тайлангаас харж болохоор байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН