Нүүр хуудасМэдээАЮУЛГҮЙ БАЙДАЛ: Нийгмийн туйлшрал буюу үндэстний хагарал

АЮУЛГҮЙ БАЙДАЛ: Нийгмийн туйлшрал буюу үндэстний хагарал

Өнөөдөр дэлхий дахинаа улс хоорондын мөргөлдөөн, эдийн засгийн хямрал, уур амьсгалын өөрчлөлтөөс гадна итгэл үнэмшлийн хямрал нүүрлээд байна. Хүмүүс хоорондоо улам итгэлцэхээ больж, нэг нийгэмд “Хоёр өөр үнэн”, “Хоёр өөр бодит байдал”, “Хоёр өөр дайсан” бий болж байна. Дэлхийн эдийн засгийн форумын Global Risks Report 2026 тайланд “Нийгмийн туйлшрал” ойрын хоёр жилийн хамгийн ноцтой эрсдэлүүдийн гуравдугаарт эрэмбэлэгдсэн нь энэ асуудал түр зуурын улс төрийн маргаан бус тогтолцооны эрсдэл болсныг харуулж байна.

Нийгмийн туйлшрал гэдэг нь хүмүүс санал зөрөхийг хэлж байгаа хэрэг биш. Ардчилсан нийгэмд санал зөрөх бол хэвийн зүйл. Харин туйлшрал гэдэг нь нийгмийн бүлгүүд нэгнээ зөвхөн өөр үзэл бодолтой субъект гэж харахаа больж, “дайсан”, “урвагч”, “аюул” гэж үзэж эхлэх үе юм. Энэ үед бодлогын маргаан баримтаар бус үзэн ядалт, айдас, хардлага, хүчирхийллээр илэрдэг. Өөрөөр хэлбэл, улс төрийн өрсөлдөөн нь шийдэл илэрхийлэхээ больж өрсөлдөгчөө устгах тэмцэл болж хувирдаг.

Үүний гол шалтгаан нь эдийн засгийн дарамт нэмэгдсэн явдал юм. Амьжиргааны өртөг өсөх, орлогын ялгаа тэлэх, ажлын байрны баталгаа сулрах тусам хүмүүс хэн нэгнийг буруутгах сэтгэлзүйтэй болдог. Энэ бол дан ганц дэлхийн улс орнууд гэлтгүй монголчууд бидний дунд ч нүднээ илэрч, чихнээ тодорч байгаа үзэгдэл билээ. Тайланд дурдсанаар энэ бүхний үндсэн суурь шалтгаан нь тэгш бус байдал гэдгийг онцолсон. Өөрөөр хэлбэл, тэгш бус байдал гаарах тусам улс төрийн үл итгэлцэл, нийгмийн бухимдал, худал мэдээлэл, эдийн засгийн доройтол зэрэг олон эрсдэлийг зэрэг тэжээдэг аж.

Шинэ цагийн мэдээллийн орчин ч нийгмийн туйлшралыг улам дэвэргэж байгаа. Сошиал медиа платформууд ч хүмүүсийг олон талын мэдээлэлтэй болгохоос илүүтэй ихэнхдээ өмнөх итгэл үнэмшлийг нь улам бататгах, сонирхлыг нь улам өдөөх чиглэлийн мэдээллээр тэжээдэг. Товчхондоо, хоёр өөр үзэл баримтлал, сонирхолтой хүмүүс өөр өөрсдийн илүү үзсэн чиглэлийн контентыг л олж харж, түүндээ улам итгэн үнэмшдэг гэсэн үг. Ингэснээр нэг улсын иргэд нэг үйл явдлыг огт өөрөөр ойлгож, нэг шийдвэрийг эсрэг тэсрэгээр тайлбарлаж, бүр нэг баримтад ч өөр өөрөөр итгэж эхэлдэг. Үүн дээр нь санаатай болон санаандгүй байдлаар тараагдсан худал, хуурамч мэдээллүүд улам бүр гал нэмж, итгэл үнэмшлийг нь сэтгэл хөдлөлөөр ноцоож өгдөг аж.

Нийгмийн туйлшралын хамгийн аюултай үр дагавар нь төрийн шийдвэр гаргах чадварыг сулруулдагт оршиж байгаа. Улс оронд хямрал тулгарахад иргэдийн илтгэлцэл хэрэгтэй. Цар тахал, үнийн өсөлт, эрчим хүчний хомсдол, байгалийн гамшиг, аюулгүй байдлын асуудал гээд аль ч үед төр, иргэн, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл хоорондоо тодорхой түвшинд ойлголцож байж гарц олдог. Харин туйлширсан нийгэмд ямар ч шийдвэр сэжигтэй харагдана. Зөв бодлогыг ч “эсрэг талын шийдвэр” гэж эсэргүүцнэ, буруу бодлогыг ч “манай тал хийсэн” гэж өмөөрнө.

Энэ нь ардчиллын чанарт шууд нөлөөлж, сонгууль бодлогын өрсөлдөөн байхаа больж, айдас ба уур хилэнгийн уралдаан болж хувирна. Намууд иргэдэд ирээдүйн төлөвлөгөө танилцуулахын оронд эсрэг талаа аймшигтайгаар дүрслэхэд илүү анхаарна. Улстөрчид ч асуудлыг шийдэхээс илүү бухимдлыг ашиглах сонирхолтой болно. Учир нь туйлшралын үед эв эе, төвийг сахисан, бодит тайлбар өгсөн хүн сул харагддаг. Харин илүү чанга хашхирсан, дайсан заасан, буруутан нэрлэсэн хүн илүү хурдан дэмжлэг авдаг жамтай.

Эцэст нь дүгнэхэд, нийгмийн туйлшрал бол чанга дуугардаг хүмүүсийн маргаан төдий биш. Энэ бол төрийн чадамж, ардчиллын чанар, эдийн засгийн тогтвортой байдал, иргэдийн өдөр тутмын амьдралд нөлөөлдөг том эрсдэл. Нийгэм дотроо бие биедээ итгэхээ больсон үед гаднаас ирэх ямар ч хямрал илүү хүчтэй, илүү гүнзгий хор уршигтай болохыг аюулгүй байдлын салбарын судлаачид тус тайлан онцолсон байна.

Эх сурвалж: The Global Risks Report 2026, WEF

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН