УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх хэсэхийг хэлэлцэж, дэмжлээ.
Монгол орны ургамлын аймагт 108 овгийн 684 төрлийн 3160 зүйл гуурст дээд ургамал бүртгэлтэй байгаагаас унаган ургамал 153, завсрын унаган 458, нэн ховор 133, ховор 356 зүйл, үлдэц (үлдвэр) ургамал 70 зүйл байна. 3160 зүйл гуурст дээд ургамалд тодорхой шалгуураар үнэлгээ хийхэд 1472 зүйл ургамал буюу нийт ургамлын 46 хувийг зайлшгүй хамгаалалтад авах шаардлага үүсээд байна. Мөн Монгол орны бэлчээр нутгийн 70 гаруй хувь нь аль нэг байдлаар доройтсон нь мал бэлчээрлэлт ургамлын үрийн нөхөн сэргэлтэд сөрөг нөлөө үзүүлж, ургамлын бүлгэмдлийн бүрэлдэхүүн, бүтцэд ихээхэн өөрчлөлт оруулж ургамлын баялаг хомсдох нэг шалтгаан болж байна. Байгал дээрх ургамал ховордох шалтгааны 59,3 хувь нь хүний нөлөөгөөр, 38,6 хувь нь нөөцийн хэт ашиглалтаас, 47,3 хувь нь байгалийн гамшгаас үүдэлтэй байгааг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат дурдлаа.
Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд, нөөц багассан, устах аюулд өртөөд байгаа ургамлын зүйлийг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутагтаа хэрэгжүүлэх, нэн ховор, ховор, унаган, үлдвэр ургамлын удмын санг хойч үедээ өвлүүлэх зорилгоор ижил төстэй тарих ажлыг төрийн өмчит шинжлэх ухааны байгууллага гүйцэтгэх асуудлыг тусгасан байна. Мөн нэн ховор, ховор, элбэг ургамлыг судалгаа шинжилгээний, ахуйн, зориулалтаар түүж бэлтгэх хэмжээг тодорхой болгож, байгалийн ургамлыг хамгаалах, удмын санг хадгалах асуудлыг бусад хуультай уялдуулах зэрэг зохицуулалтыг шинээр оруулжээ.
Уг хуулийн төслийг байнгын хорооны гишүүдийн 81.8 хувь дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.