Нүүр хуудасМэдээБНХАУ-ын интернет хэрэглэгчдийн тоо 1 тэрбум давав

БНХАУ-ын интернет хэрэглэгчдийн тоо 1 тэрбум давав

Дэлхийн хамгийн олон хүн амтай БНХАУ-ын интернет хэрэглэгчдийн тоо энэ оны зургадугаар сард 1.11 тэрбумд хүрсэн гэж Хятадын интернет сүлжээний мэдээллийн төвөөс өнөөдөр гаргасан тайланд дурджээ.

Энэ нь өнгөрсөн оны 12 дугаар сарынхаас 21.75 саяар өссөн үзүүлэлт гэнэ.

Интернетийн хамрах хүрээ тэлсэн нь тус улсад олон талын ашиг тус өгч байгаа аж.

Тухайлбал, интернет хэрэглэгчдийн хүрээ тэлэхийн хэрээр цахим худалдааны бизнес БНХАУ-д эрчимтэй хөгжиж буйн ачаар тус улсын 832 хошуу  ядуурлаас ангижраад байгаа ажээ.

Илүү өндөр цалинтай ажил хийхийн тулд хот суурин газар бараадсан залуучууд ч төрөлх нутаг руугаа буцаж, цахим худалдаа эрхлэх болжээ.

2019 оны эцсийн байдлаар, тус улсын хөдөө орон нутагт 13.84 сая цахим худалдааны дэлгүүр байв.

Хөдөө орон нутгийн цахим худалдааны борлуулалт 2014 онд 180 тэрбум юань байсан бол 2019 онд 1.7 их наяд юань болж нэмэгджээ.

Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний цахим худалдааны нийт борлуулалт 2019 онд 397.5 тэрбум юаньд хүрч, гурван сая гаруй фермерчдэд аж амьдралаа дээшлүүлэхэд нь ихээхэн хувь нэмэр болсон байна.

Мөн интернетийн хамрах хүрээ тэлснээр алслагдсан газруудад амьдардаг сурагчид боловсролын олон эх үүсвэрийг ашиглах боломж бүрдэж, хөдөө орон нутгийн бага болон дунд сургуулиуд бараг 100 хувь интернетэд холбогдсон нь хот, хөдөөгийн сурагчид хоорондын боловсролын ялгааг арилгахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа аж.  

Бичсэн: Г.Солонго

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН