Нүүр хуудасМэдээБОЛОВСРОЛЫН ЯАМ: "Боловсролын санхүүжилтийг төрөөс нэмэгдүүл” зөвлөгөөн боллоо

БОЛОВСРОЛЫН ЯАМ: “Боловсролын санхүүжилтийг төрөөс нэмэгдүүл” зөвлөгөөн боллоо

“Боловсролын салбарын санхүүжилт, хүний нөөц, хөрөнгө оруулалт, боловсролын чанар, үр нөлөөний асуудлыг хэлэлцсэн “Боловсролын санхүүжилтийг төрөөс нэмэгдүүл” зөвлөгөөн өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Хэлэлцүүлгийг Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл, Боловсролын яам, Фридрих Эбертийн сан хамтран зохион байгуулж, боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын бодлогын чиглэлийн талаар санал солилцов.

Хэлэлцүүлгийн үеэр боловсролын багц хууль шинэчлэгдсэнээр салбарын эрх зүйн орчин боловсронгуй болж, бүх шатны боловсролын байгууллагын хамран сургалт, оролцоо нэмэгдсэн талаар онцоллоо. 2025-2026 оны хичээлийн жилийн байдлаар сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын хамран сургалтын түвшин өндөр байгаа ч суралцагчдын мэдлэг, ур чадварыг бодит хэрэглээ, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээтэй илүү үр дүнтэй уялдуулах шаардлага хэвээр байгааг хэлэлцэв.

Мөн мэргэжлийн болон дээд боловсролын байгууллагын сургалт, үйл ажиллагааг улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэл, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулах, үйлдвэрлэл, бизнесийн салбартай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь боловсролын шинэчлэлийн чухал зорилтын нэг болохыг оролцогчид онцолсон юм.

Хэлэлцүүлгийн үеэр боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээс гадна санхүүжилтийн үр өгөөж, бодит үр дүнг дээшлүүлэх асуудлыг онцгойлон хөндөв. Өөрөөр хэлбэл, зарцуулсан хөрөнгийн хэмжээгээр бус боловсролын чанар, суралцагчдын мэдлэг, ур чадварын ахиц, сургалтын орчны сайжралтаар үр дүнг үнэлэх шаардлагатайг тэмдэглэлээ.

Түүнчлэн боловсрол бол ядуурлыг бууруулах, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, нийгмийн хөгжлийг дэмжих хамгийн чухал хөрөнгө оруулалтын нэг гэдгийг онцолж, багшийн мэргэжлийн үнэлэмж, хүний нөөцийн бодлогыг боловсронгуй болгох, боловсролын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн бодлого, арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай талаар санал нэгдэв.

Хэлэлцүүлэгт оролцогчид боловсролын салбарын хөгжлийг зөвхөн төсвийн өсөлтөөр бус чанар, хүртээмж, үр нөлөөгөөр нь хэмжиж, хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмших боломжийг бүрдүүлэх чиглэлд анхаарах ёстойг онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН