Нүүр хуудасМэдээ"Болор цом 42" яруу найргийн наадмын тэргүүн шүлэг "Морин хуурын хэл"

“Болор цом 42” яруу найргийн наадмын тэргүүн шүлэг “Морин хуурын хэл”

Болор цом 42″ яруу найргийн наадмын Тэргүүн шүлэг А.Лхагва 

“Морин хуурын хэл”

Сэтгэлээс үүссэн салхинд 

Хээрийн салхи хөлчүүрнэ 

Тэнгэрээс үүдсэн аялгуунд 

Уулсын сэтгэл халууцна

Морин хуурын эгшиглэн 

Ийм эртний хэл

Монгол газар үүссэн

Эх сайхан хэл 

Энэ хэлийг анирдсан хүн 

Эрэмшин омогшино

Эх хэлийг сонордсон хүн 

Элэг нь дэвтэж уярна

Тэнгэрийг

Тэр өндрийг 

Туг гэрэгээрээ өргөж 

Туйлсан их суу залиар 

Сүлд хийморьтой болгосныг

 Тэнгэрийн үгээр хүүрнэнэ

Талыг 

Талбиун уудмыг 

Тэнгис далайг цалгиаж 

Тивийг сэрээсэн нүүдлээр 

Тэнүүн уудам болгосныг 

Талын хэлээр шуранхайлна 

Морин хуурын хэл

Монгол тэнгэрийн хэл 

Монгол газрын хэл ээ.

Унаж сөхөрсөн үед 

Уруудаж бүдэрсэн цагт 

Морин хуурын үүрсээн 

Монгол хүнийг сэрээсэн

Морьтой гэдгийг нь сануулсан 

Халирч зэлэрсэн үед 

Хавтайж бөхийсөн цагт 

Морин хуурын төвөргөөн

Монгол хүнийг сэхээсэн

Мордоод давхихыг харуулсан 

Сүлд хийморийг сэрээж 

Сүгнийтэл тэнгэрийн дээр гаргаж 

Элэр аялгуу нь наранд хүргэж 

Эртний өвгөдтэй уулзуулж 

Хөөрөг зөрүүлэн хуучлуулж 

Хөх толбыг минь тодруулж өгдөг 

Морин хуурын хэл

Монгол хүмүүний хэл ээ 

Бадран омогшихын бал

Бахархан гэрэлтэхийн гал 

Морьтон монголын хөл 

Монголыг асаасан хэл 

Энэ хэлээр биднийг 

Эх дэлхий танина 

Энэ хэлээрээ бид 

Элэн галавтай ч ярилцана

Морин хуурын хэлээрээ 

Монгол язгуурын хэлээрээ 

Дээд сансрыг ч уяраана 

Дэлхийг дахин дагуулна аа. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН