Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори үйл ажиллагаандаа D-LAB цахим бүртгэл, мэдээллийн системийг нэвтрүүллээ. Агаар, ус, хөрсний чанарын шинжилгээ хийлгэх, багаж шалгуулах, баталгаажуулах иргэн, аж ахуйн нэгж байгууллагын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа энэ үед төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад дэвшил гарч байна.
Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори 2024 онд 1200 иргэн, ААНБ-ын хүсэлтээр агаар, ус, хөрсний шинжилгээг хийсэн бөгөөд 2023 онтой харьцуулахад шинжилгээний тоо 6.7%-аар өссөн юм. Шалгалт тохируулга, баталгаажуулалтад хамрагдсан хэмжих хэрэгслийн хувьд 2024 онд 730 гаруй иргэн, ААНБ-ын хүсэлтээр агаарын чийг, температур, даралтын 3200 хэмжих хэрэгсэлд шалгалт тохируулга, баталгаажуулалт хийсэн нь өмнөх онтой харьцуулахад 13.1%-аар өссөн байна.
D-LAB цахим бүртгэл, мэдээллийн системийг нэвтрүүлснээр хэрэглэгч өөрийн хүсэлтийн явцыг хянах бүрэн боломжтой болно. Цахим системд төлбөр төлөх олон боломжит хувилбарыг бүрдүүлсэн.
Цаашид D-LAB цахим бүртгэл, мэдээллийн системийг ЦУОШГ-ын харьяа 21 аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн Байгаль орчны шинжилгээний лабораторид нэвтрүүлнэ.