Боловсролын сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Турк Улсын Хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулагчаар шинээр томилогдсон ноён Али Куртыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Боловсролын сайд Л.Энх-Амгалан ноён Али Куртыг үүрэгт ажилдаа орсонд нь баяр хүргэж, ТИКА байгууллагаас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд тусгай хэрэгцээт суралцагчдад зориулсан анги танхим байгуулах, ШУТИС-д Жазари лабораторийг байгуулан тохижуулах зэргээр тэгш хамруулан сургах боловсролын орчныг бүрдүүлэх, боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв.
Талууд уулзалтаар ШУТИС дахь Жазари лабораторийн туршлага дээр суурилан Монгол Улсад “ШУТИС-ФабЛаб” сүлжээг бий болгож, улмаар хөдөө орон нутагт хүрээ тэлэх зорилтыг дэмжин ажиллах, тус сургуулийн дэргэд байгуулагдах Инженер, технологийн төрөлжсөн ахлах сургуульд STEM чиглэлийн иж бүрэн лаборатори, байгаль орчныг хог хаягдалгүй байлгах, менежментийг сайжруулах зорилгоор “Хог тэглэх” сургалт, судалгааны лабораторийг тус тус байгуулахад хамтран ажиллах талаар ярилцлаа.
Хөтөлбөр зохицуулагч Али Куртын зүгээс хүний нөөцийг хөгжүүлэх, ялангуяа монгол иргэдийг нарийн мэргэжлээр БНТУ-д магистр, докторын түвшинд суралцуулах, сургалт, чадавх бэхжүүлэх чиглэлд түлхүү хамтран ажиллах саналтай байгаагаа онцлов. Түүнчлэн БНТУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах, монгол болон турк хэлийг хамтад нь сурах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд хамтран ажиллах талаар санал солилцсон юм.
Туркийн Хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг нь 2006 оноос хойш Монгол Улсад 950 гаруй төсөл хэрэгжүүлсний 300 орчим нь боловсролын салбарт хэрэгжсэн төсөл хөтөлбөр байна





