Төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалт Улаанбаатар хотноо 11 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Боловсролын яамнаас зохион байгуулж байгаа энэхүү сургалт нь төрөлжсөн ахлах сургуулийг хөгжүүлэх талаар баримтлах чиглэл, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэх, ахлах сургуулийн суралцагчийг суралцах, ажил, мэргэжлийн чиг баримжаа, сонголтод нийцсэн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахад сургуулийн удирдах ажилтан, оролцогч талын хамтын ажиллагааг чиглүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилготой юм.
Тус арга хэмжээг нээж УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотод зарим төрөлжсөн ахлах сургуулиудын үйл ажиллагаа жигдэрч байна. Аймаг орон нутагт өөрсдийн санал санаачилгаар төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулж ажиллаж байгаад баяртай байгаа. Төрөлжсөн ахлах сургуулиудын хийж байгаа загвар, концепц бол боловсролын салбарт хийж байгаа маш том шинэчлэлийн нэг. Энэ бол дан ганц бүтээмжийн асуудлыг шийдээгүй. Боловсролын чанарын асуудлыг шинэ шатанд гаргаж ирсэн тогтолцооны шинэчлэл. Төрөлжсөн ахлах сургууль бол ур чадвар, чадамжийг олгох томоохон ажил гэдгийг та бүхэн ойлгож мэдрэх ёстой” гэдгийг онцлов.
Төрөлжсөн ахлах сургуулийн хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага, бодлого, чиглэлийн талаар Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Л.Ганбат, Ерөнхий боловсролын хөгжлийн бодлого хариуцсан ахлах шинжээч А.Цолмон нар мэдээлэл өглөө.
Дараагаар нь төрөлжсөн ахлах сургуулийн талаар баримтлах чиглэлийг хэрэгжүүлэх, сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахад тулгамдаж байгаа асуудал, шийдлийн талаар сургуулийн захирал, удирдлагууд мэдээлэл хийж, санал хэлсэн юм.
Төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалт МУБИС-ийн Урлагийн танхимд үргэлжилж байна.





