Нүүр хуудасМэдээБЯ: Фулбрайт хөтөлбөрийн 80 жил, Монгол улсад хэрэгжиж эхэлсний 30 жилийн ой...

БЯ: Фулбрайт хөтөлбөрийн 80 жил, Монгол улсад хэрэгжиж эхэлсний 30 жилийн ой болж байна

“Фулбрайт”-ын 80 жил, Монгол Улсад хэрэгжиж эхэлсний 30 жилийн ойн баярын арга хэмжээ боллоо. Арга хэмжээнд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Хатагтай Эмма Ломакс болон төлөөлөгчид, үе үеийн Фулбрайт хөтөлбөрийн төгсөгчид оролцлоо.

Америкийн Нэгдсэн Улсад 1946 онд анх хууль батлагдсанаар үндэс нь тавигдсан тус хөтөлбөр өнөөдөр дэлхийн 160 гаруй улс орныг хамарсан хамгийн том боловсролын салбарын түншлэл болон өргөжжээ. Монгол Улсын хувьд 1992 онд анхны оюутан болох Ардын багш Б.Жадамбаа АНУ-ыг зорьсноор энэхүү түүх эхэлсэн бөгөөд өнөөдөр хоёр орны боловсролын хамтын ажиллагааны тулгын чулуу хэвээр байна.

2010 онд Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хооронд хамтарсан Фулбрайтын Гадаад оюутны хөтөлбөр байгуулах хэлэлцээрт гарын үсэг зурснаар манай улс уг хөтөлбөрт өөрийн төсвөөс санхүүжилт оруулдаг цөөн тооны түншлэгч орны нэг болсон юм. Энэхүү хамтарсан хөтөлбөрөөр өнөөдрийг хүртэл 150 гаруй монгол залуус боловсрол, байгаль орчин, нийгмийн эрүүл мэнд, геологи, уул уурхайн инженерчлэл зэрэг эх орны хөгжилд нэн шаардлагатай чиглэлээр АНУ-ын шилдэг их сургуулиудад магистрын зэрэг хамгаалжээ.

Арга хэмжээний үеэр Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир үг хэлж, Фулбрайт хөтөлбөрийн үе үеийн төгсөгчдийг хоёр улсын нөхөрсөг харилцааны төлөөлөгчид, боловсролын элч гэдгээ ухамсарлан ажиллахыг хүсээд, АНУ-ын Тусгаар тогтнолын 250 жилийн ой болон Фулбрайт хөтөлбөрийн 80 жилийн ойн мэндийг АНУ-ын ард түмэн, Элчин сайдын яамны хамт олонд хүргэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН