Нүүр хуудасЯрилцлагаБ.Ганбаатар: Өөрийнхөө эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж чадсандаа баярлаж явдаг

Б.Ганбаатар: Өөрийнхөө эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж чадсандаа баярлаж явдаг

Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж буй ахмад ажилчдын нэг бол Батхүүгийн Ганбаатар юм. Тэрбээр Төмөр замын дээд сургуулийн авто, ашиглалтын ангийг дүүргэсэн бөгөөд өдийг хүртэл 45 жилийн хугацаанд өөрийн эзэмшсэн мэргэжлээр хөдөлмөрлөн амьдарч байна. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газартай ажил амьдралаа Газар зохион байгуулалтын албаны жолоочоор 2001 онд ажилд орсон өдрөөс хойш холбожээ. Түүний ажил мэргэжилдээ тууштай, үр бүтээлтэй ажиллаж дүүрэг, орон нутгийнхаа хөгжил, цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор зургадугаар сарын 1-ний өдөр шагнасан билээ. Тэрбээр одоо Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын жолооч бөгөөд дүүрэгт 20 жил ажилласан хүндэт ажилчдын нэг юм. Тиймээс бид түүнийг Сонгинохайрхан дүүргийн “ОНЦЛОХ” иргэнээр урьж, ярилцлаа.

-Танд төрийн дээд одон медалиар энгэрээ мялаасанд баяр хүргэе. Та ажил амьдралынхаа түүхээс бидэнд хуваалцаач?

-Баярлалаа. Би Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газартай ажил, амьдралаа холбоод 20 гаруй жил боллоо. Би анх дүүргийн газар зохион байгуулалтын албанд жолоочоор ажилд орж байсан. Миний анхны хариуцаж авсан тэрэг хуучны жаран ес байлаа. Тэрнээс хойш аж ахуйн тасагт жолооч болсон. Дараа нь Засаг даргын орлогч, харин одоо Тамгын газрын даргын жолоочийн үүргийг гүйцэтгэж байна. Улсад нийтдээ 45 жил ажилласан байна. Төмөр замын дээд сургуулийн авто ашиглалтын мэргэжлээр дүүргэж тэр жилээ цэргийн албанд татагдсан. Тэнд очоод Батлан хамгаалах яамны жанжин штабын авто баазад ахлах цолтой жолооч болсон. Цэргээс халагдаж ирээд Ханын материал комбинатад мөн л жолооч хийсэн. Ингээд миний 20 гаруй жил жолоо мушгисан түүх энэ. Харин 2001 онд Сонгинохайрхан дүүрэгт ажилд орсноос хойш мөн л жолоогоо барьсаар 20 жил өнгөрчээ.

-Та анх хэлтэс, албадын жолооч байсан талаараа хэллээ. Тэгэхээр удирдах албан тушаалтны жолооч болж тушаал дэвшсэн бололтой. Таны үүрэг хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Тушаал дэвшсэн гэж хэлэх нь тохиромжтой үг мөн болов уу даа. Би анх энд жолоочийн үүрэг гүйцэтгэх гэж ирсэн хүн шүү дээ. Ер нь хэлтэс, албадын жолоочид харьцангуй ачаалал ихтэй байдаг. Жишээлбэл, аж ахуйн хэлтсийн жолооч бол дүйцүүлэх албаны цэргүүдийг хариуцсан дүүрэг, хороодын аж ахуйн талын ажилд явдаг байлаа. Баяр наадмын нээлтэд ашиглах тоног төхөөрөмж зөөх, Сонгуулийн жилүүдэд дүүргийн гадна, доторх бүх л ажлуудыг хийнэ. Аж ахуйн тасаг гурван автомашинтай байлаа. Бүгдийг нь ээлжилж барьж, дүүргийн гадна, дотно ажлуудыг гүйцэтгэнэ. Тэгэхдээ зөвхөн жолоочоос гадна ачаа бараагаа зөөх, нярвын үүрэг гүйцэтгэх үе ч гарна. Харин одоо бол энэ мэт ажилд явахгүй байгаа.

-Таны ажил өглөө хэдэн цагт эхэлдэг вэ. Төдийлөн цагийн хуваарийн дагуу ажилладаггүй байх?

-Төрийн албан хаагчид одоо 08:00-17:00 цаг хүртэл ажиллаж байгаа. Харин би өнөөдөр гэхэд гэрээсээ 06:40 минутад гарсан. Орой бол 21:00, 22:00 цаг хүртэл удирдлагыг ажил дуусахыг хүлээж, хамтдаа зэрэгцээд л буудаг даа.-Удирдлагуудын жолооч нар тэдний хамгийн итгэлтэй, хариуцлагатай гэж сонгосон хүмүүс байдаг болов уу гэж боддог. Өдөр, шөнийн алинд ч гэнэтийн байдлаар дуудагдах үеүүд гардаг уу?-Тэгэлгүй яахав, хариуцлагатай байхгүй бол болохгүй шүү дээ. Машин техникийн хөдөлгүүр бүрэн бүтэн байдлыг байнга хангаж, хаашаа ч явсан бэлэн байдлыг шалгах ёстой. Хаа нэг газар машин техник эвдэрч зогсож болохгүй. Тиймээс албан машины засвар, үзлэгийг өөрөө бие даан хариуцдаг юм. Мөн машинаа цэвэр, нямбай байлгах, удирдлагыг аюулгүй тээвэрлэх, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх гээд хариуцлага их бий. Заримдаа бараг бие хамгаалагч нь юм шиг л явдаг даа /инээв/.

– Урт замд олон ч хөгжилтэй зүйлс тохиолдож байсан байх. Та дүүрэгт ажилд орсноосоо хойш албан ажлаар хэчнээн км зам туулсан бол тооцоолж бодож байсан уу?

-Ойролцоогоор 20 жилийн хугацаанд 700-800 мянган км зам туулсан байх шүү. Бас энэ хугацаанд найм, есөн машин сольж унажээ. Ихэвчлэн хуучин техникууд хүлээж авч байсан учраас тэднийгээ зогсоочихгүйн тулд өөрөө их ч ноцолддог байлаа. Ажлын таван өдөр дуусаж дараагийн ажлын өдрүүдийн бэлтгэл байдлыг хангаж амралтын хоёр өдөр бол үзлэг, шалгалтыг маш сайн хийдэг. Тэр тусмаа он хуучин машинуудыг тогтмол шалгаж байх хэрэгтэй.

-Та өөрийн эрхэлж буй ажил мэргэжлээрээ хэрхэн бахархдаг вэ?

-Би өнөөдрийг хүртэл өөрийнхөө эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж чадсандаа баярлаж явдаг. Сонгинохайрхан дүүрэгтээ ажил амьдралаа холбосноос хойш ахуй амьдрал минь өөдлөн, дэвжиж сайхан хамт олонтоо мөр зэрэгцэн ажиллаж байгаадаа хүртэл талархдаг.

-Та төрийн албанд олон жил ажиллажээ. Залуучуудад суралцах зүйл их буйг анзаарсан. Та юу гэж боддог вэ?

-Тэгэлгүй яахав. Цагийг бол маш сайн баримталдаг болж төлөвшинө. Ажлаасаа хоцорч огтхон ч болохгүй. Бид нар хоцорвол дарга нарын ажил цуглаан хойшлогдоно, хоцорно. Тиймээс бид цагийг маш сайн баримтлан 10-20 минутын өмнө ирчихсэн зогсож л байх ёстой. Бас замын түгжрэлийг тооцож эрт гарна. Ард, нийтийн төлөө ажиллаж буй хүмүүсийг чухал ажил, хурал цуглаанаас нь хоцроож огтхон ч болохгүй. Тиймээс цагаа маш сайн тооцоолж, машин техникээ эвдрэл гэмтэлгүй хариуцан, хаана ч саатаж зогсохгүй байхыг боддог. Мөн амралтын өдрөөр хаана ч явсан гар утсаа биедээ авч явдаг /инээв/. Сонгинохайрхан дүүрэгт маань шинэ залуу боловсон хүчин их болсон байна. Хуучин олон жил ажилласан хүмүүс бол харилцааны соёлтой байлаа. Харин одоо шинээр ирж буй залуучуудыг ажилдаа эзэн болж, иргэдтэй зөв боловсон харьцаж, тогтвор суурьшилтай ажиллахыг захимаар байна.

-Дүүрэгт олон жил ажиллахдаа албан байгууллагаа хэр дэвшин, өргөжиж байна гэж хардаг вэ?

-Албан байгууллага маань жилээс жилд өөрчлөгдөж байна. Сонгинохайрхан дүүрэгт ажилласан 20 гаруй жилийн хугацаанд мөр зэрэгцэн ажиллаж байсан албан хаагчдын ихэнх нь тэтгэвэртээ суужээ. Одоо ихэвчлэн залуу боловсон хүчин ажиллаж байна. Одоо хуучин байр маань шинэчлэгдэн удахгүй дүүргийн шинэ байр ашиглалтад орох гэж байна. Дүүрэг маань өдрөөс өдөрт цэцэглэн хөгжиж, шинэ сургууль, цэцэрлэг, эмнэлгүүд баригдаад сайхан л байна даа.

СХД-ИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ТӨВ

1 хүн болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН